Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол өнөөдөр болов.
Тус албан тушаалд Ц.Бархасыг нэр дэвшүүлэхээр болсон юм.
Нэр дэвшигч Цолмонгийн Бархас нь 1989 онд төрсөн 36 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн Олон Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 онд “Ард секюритиз” үнэт цаасны компанид гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа юм байна.
Нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр сонгогдвол зорьж төлөвлөсөн ажлынх нь талаар болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад тодорхой санал санаачилгатай ажиллах хэрэгтэй. Одоо байгаа дүрэм журмыг өөрчилж ийм ажлыг хийнэ гэдэг тодорхой зорилго байх ёстой. Ард санхүүгийн нэгдэл, Монгол шуудан компанид ажиллаж байсан хүн орж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байна. Энэ компаниудад ажиллаж байсан хүмүүс яагаад хөрөнгийн биржийн салбарт ингэж олноороо орж ирэх гээд байгаа юм бэ?
Нэр дэвшигч Ц.Бархас:
-Өөрийн туршлагадаа тулгуурлаад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад шийдвэр гаргах түвшинд оролцоотой ажиллахаар төлөвлөсөн гэхийн зэрэгцээ сүүлийн үед хөрөнгө оруулалтын зах зээл дээр сонирхолтой бүтээгдэхүүнүүд гарч байгаа ч худалдаж авах эрэлт бага байна. Иймд хамтын хөрөнгө оруулалтын сан, урт хугацааны хөрөнгө оруулалтын институтыг бодлогоор дэмжихэд өөрийн хувь нэмрийг оруулна. Түүнчлэн санхүүгийн зах зээлийн салбарын эрх зүйн орчинд хэрэгжиж буй зарим хууль, бодлого зохицуулалтыг амьдралд нийцүүлэхэд ажлын туршлагадаа тулгуурлан санаачилгатай ажиллана гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.