“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Адъяад холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцлээ.
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгах үеэр түүнийг яллагдагчаар татсан юм. Тодруулбал, тус компаниас нүүрс худалдан авдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, сунгах ажлыг гүйцэтгэхдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, хамтран ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдээллийг бусдад өгснийхөө шан харамж халаасалсан хэрэгт Г.Адъяаг буруутгасан юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас Д.Наранхүү гэх хүнийг шилжүүлэн авч, “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татан шалгасан билээ. Г.Адъяагийн хувьд түүнээс багагүй хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон юм.
Улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт НПГ-т гаргасан аж. Тиймээс прокурор Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн нийтийн албан тушаалтан хахууль авсан, Д.Наранхүүд 22.5-1-ийн хахууль өгсөн гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга асан Г.Адъяад 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хаслаа. Харин түүнд хахууль өгсөн Д.Наранхүүг таван сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасах ял шийтгэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.