СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-18

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эмгэнэл илэрхийлэв

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 цагийн өмнө

ЭМГЭНЭЛ

Бүгд Найрамдах Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа их хүмүүний хань, үр хүүхдүүд, гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, шавь нар, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр Ардын Их Хурлаас 1990 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор ардчилсан, эрх чөлөөт нийгэмд шилжих Монгол түмний сонголтыг Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэн тунхаглах үйл хэргийг хууль, эрх зүйн дагуу, тайван замаар, нийгмийн ойлголцол зөвшилцлийг ханган баталгаажуулахад Төрийн тэргүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж, түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

Монгол эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг тогтоосон ардчилсан Үндсэн хуулийг Төрийн тэргүүний хувьд “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” хэмээн нотлон үзэглэсэн түүхт хүмүүн байв.

Ардчилсан Үндсэн хуулийн дагуу Төрийн тэргүүнээ анх удаа нийтээр, шууд сонгох сонгууль 1993 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж Пунсалмаагийн Очирбат олон түмнийхээ итгэлийг хүлээн ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан билээ.

Төрийн тэргүүн, инженер, эрдэмтний хувьд Эзэн Богд Чингис хааныхаа ойг тэмдэглэж эхлэх, төрийн их хүндэтгэл үзүүлэх, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгон зарлах, хил орчмын нутаг дэвсгэрийн байдлыг мэдээлэл, геодези, зурагзүйн талаар баримтжуулах, гадаад улсуудтай нээлттэй харилцаа, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүч, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, улс төрийн нам, эвслийн зөвшилцлийг хангах зэрэг үйл хэрэгт идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байсан нь Монголчууд бидэнд үнэт өв болон үлдлээ.

Тэрээр нэгэнтээ “Монгол Улс азийн нэгэн бар болно” хэмээн чин хүсэл мөрөөдөл, ерөөлөө ард түмэндээ сонордуулж байсан нь Монгол түмний зүрх сэтгэлд оч болон бадарч, хөгжлийн төлөөх дуудлага болон хоногшжээ. Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх түүний энэ хүсэл алхам алхмаар, жил жилээр бодитой болж, цаашид биеллээ олох нь дамжиггүй гэж итгэж байна.

Бүгд Найрамдах Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их хүмүүн Таны Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг Монголын ард түмэн үеийн үед санан хүндэтгэх болно.

Хөх мөнх тэнгэрийн оронд амгалан дэвшиж, элгэн садан, эх Монгол нутагтаа эргэн төрөх болтугай.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан

2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.