“М-Си-Эс” групп 2021 оноос хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус тосгоны баруун хойд талд “Метагро” хэмээх компанийн үхрийн аж ахуй, газар тариалангийн ажилчдын кэмпийг байгуулсан байдаг. Тэгвэл эл “Метагро” компанийн барилгын инженерээр ажиллаж байсан Э.Золбаяр хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэрэгт холбогдсон юм.
Тодруулбал, 2022 оны зургаадугаар сард “Метагро” ХХК-ийн нэрийн өмнөөс барилгын зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Блю арч” компанитай гэрээ байгуулж, бүтээн байгуулалтынхаа ажлыг хийлгэсэн аж. Энэ үедээ гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж ирүүлэх талаар иргэн Г.Золбоотой тохиролцож, уг өсгөсөн үнийн дүнтэй гэрээ байгуулсан гэнэ. Улмаар “Метагро”-гоос “Блю арч” руу шилжүүлсэн мөнгөнөөс Э.Золбаяр хувийнхаа дансанд шилжүүлэн авч компанидаа их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Уг нь эл хэргийг 2024 оны нэгдүгээр сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлж байв. Прокуророос яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм. Шүүхээс даалгасан ажиллагааг мөрдөгчид хийж дуусаад, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцэн шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Э.Золбаярыг Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан”, Г.Золбоог урьдчилан амлаж Э.Золбаярыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцжээ.
Ингээд Э.Золбаярт зургаа, Г.Золбоод гурван сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.