Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр /2025.01.14/ ээлжит бусаар хуралджээ.
Хуралдаанаар,
Жилийн инфляци 2024 оны арванхоёдугаар сард улсын хэмжээнд 9.0 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарчээ. Ийнхүү инфляци зорилтын дээд хязгаарыг давахад цахилгаан, мах, импортын барааны үнэ хүлээлтээс давж өссөн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өсөлттэй байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгосон гэж дүнгэжээ.
Мөн гадаад, дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвт томоохон өөрчлөлт гараагүй ч геополитикийн эрсдэл, тодорхой бус байдал буурахгүй, үргэлжилсэн хэвээр байна. Банкны салбарын зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүй байгаа аж.
Иймд мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.