ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэрэгт НПГ-аас дахин яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Тэднийг эл сургуулийг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулж, хохирол учруулсан хэрэгт холбогдуулан 2020 оноос хойш шалгасан бөгөөд өмнө нь нэг удаа тус шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх захирамж шүүгч гаргаснаар АТГ-ынхан дахин холбогдох ажиллагааг явуулсан юм. Тэдэнтэй холбоотой гомдлыг ХААИС-ийн багш, ажилтнууд нь 2020 онд АТГ-т гаргаснаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн бөгөөд Т.Хэрүүга, Ж.Батчулуун нарын тендерийн хууль зөрчиж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.8-1.2-ын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, 17.4-1-ийн эд хөрөнгө завшсан гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан байдаг. Т.Хэрүүга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Киа морнинг”, “Бонго жи-3” загварын автомашин тус бүр нэг, “Хьюндай аванте” суудлын автомашин, “Хьюндай каунти” загварын автобус тус бүр хоёр гээд нийт зургаан тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан гэж буруутгагдаж буй юм билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.