Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны тэмдэглэлт 33 жилийн ой, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан үндэстний цөөнх, залуус, ахмад настан болон салбар бүрийн төлөөллөөр Үндсэн хуулийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн уншуулж, иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол олгох, парламентат ёс, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулсан юм.
Үндсэн хууль сурталчлах өдөрлөгийг иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсанд талархаж байсан бөгөөд Үндсэн хуулийн уншлагыг УИХ-ын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.
УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг:
-Одоогоос 33 жилийн өмнө анхны Ардчилсан Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэдэг. Үндсэн хуулийг суртчилах нь төрийн байгууллага болон албан тушаалтны ажил юм шиг ойлгож ирсэн. Өнөөдөр УИХ-ын Тамгын газрын ажилтнууд санаачлаад Үндсэн хуулийг суртчилах ажлыг зохион байгуулж байна. Шинэлэг арга хэмжээ боллоо.
Олон улсад бол их сургууль, парламент нь Үндсэн хуулиа уншиж танилцаж, түгээн дэлгэрүүлдэг. Монгол Улсын хувьд түгээмэл биш байна. Үндсэн хуулиа өөрсдөө уншиж, танилцъя гэдэг байдлаар хандаж, 28 иргэд Үндсэн хуулийнхаа заалт, зүйлийг уншлаа. Уншиж байхад, нээрээ ийм байдаг шүү гэж хуульч надад хүртэл бодогдож байна. Цаашид төрийн байгууллага гэхгүйгээр хувийн аж ахуй нэгжүүд ч Үндсэн хуулиа уншиж ойлгох ийм үйл ажиллагааг зохион байгуулаасай гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.