УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн инженерчлэл, барилга угсралт, худалдан авалтын дөрөвдүгээр багц ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцын талаар асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил хэдэн хувьтай явж байна вэ? Яг хэзээ ашиглалтад орох вэ? Бензиний хараат байдлаас гаргах нефтийн үйлдвэр монголчуудын хүслийн жагсаалтын нэгдүгээрт байгаа.
Тэрбум 200 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийн өртөг өссөн байна. Яг бодитой өсөлт мөн үү гэдгийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулсан эсэх. Үүнээс 268 сая ам.доллар хэрэглэсэн байна. Тэрбум ам.долларын төсвөө дууссаны дараа дараагийн зээлээ авч болдоггүй юм уу?
Нефть боловсруулах үйлдвэрээсээ эхлээгүй, яагаад оффисоосоо эхэлж барьж байгаа юм бэ? Амархан иргэний зориулалттай барилгуудаа 100 хувь бариад дуусгасан байна. Эхлээд үйлдвэр рүүгээ яагаад бүх хүчээ тавиагүй юм бэ?
Бид нар нефтийн үйлдвэрээ барих гэсээр байтал дэлхий дахинд цахилгаанаар болон ус төрөгчөөр ажилладаг машинууд гараад ирлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Бензиний хараат байдлаас гарах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. 2024 оны байдлаар импортоор 2,5 сая тонн нефть бүтээгдэхүүнийг худалдаж авсан. Нийтдээ 1,9 тэрбум ам.доллар зарцуулж авсан. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор бид жилдээ улсынхаа хэрэглээний 55 хувийг хангах, 4,5 их наяд төгрөгийг борлуулалт хийх төлөвлөгөөтэй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр үнийн өсөлтийн дүгнэлт гарсан.
Сангийн сайд Б.Жавхлан:
Газрын тос боловсруулах үйлдвэр дөрвөн хэсэг байгууламжтай.
Тус бүрийн гүйцэтгэлээс шалтгаалж дараагийн хэсгүүд нь хүлээгддэг өндөр эрсдэлтэй. Үүнийг салгаж, дөрвөн хэсэгт зэрэг санхүүжилт хийх зээлийн гэрээний өөрчлөлтийг 2023 онд хийж чадсан.
Энэ төслийн ЕРС 1 нь 2019 онд эхлэнгүүт цар тахалтай тулсан. ЕРС 2, 3 нь 2023 онд эхлэх гэтэл гэрээнд асуудал үүссэн. 2019 онд зээлийн тоолуур эхэлсэн. Гэтэл 2023 онд 120 сая ам.доллар хэрэглээд явж байтал анхны гэрээгээр 64 сая ам.долларын үндсэн гэрээний төлбөрийн хугацаа нь болсон. ЕРС 2, 3-ын ажлын нэг ч чулуу тавиагүй байхад үндсэн зээлийн төлбөр эхэлчихсэн. Зээлийн нөхцөлийг янзлахгүй бол цаашдаа төсөл үргэлжлэх ямар ч боломжгүй болсон.
Тиймээс төслийг дөрвөн ажилд задалж тохируулснаар зээлийн үндсэн төлбөрийг 2030 он хүртэл хойшлуулж чадсан. Төсөв хэлэлцэж байх үед энэ төслийн нэмэлт санхүүжүүлэлтийн асуудал огт яригдаагүй. Учир нь Энэтхэгийн талаас огт хариу өгөөгүй, тодорхойгүй байсан. Эцсийн байдлаар арванхоёрдугаар сарын 9-нд цахимаар мэдэгдэж, арванхоёрдугаар сарын 22-нд баталгаажаад шуудангаар ирсэн. 2027 оны тавдугаар сар гэхэд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бүх юмаа Энэтхэгээс авдаг суурь цутгахад хэрэглэдэг хавтангууд нь хүртэл Энэтхэгээс ирдэг гэж сонсож байсан. Тээврийн зардал энэ хэмжээгээр өснө. Түрээсээр өндөр өртөгтэй унаа жолорчтой нь хөлсөлнө.