Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар албаныхан мэдээлэл өгөв.
ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Бурмаа
-Улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт томуу, томуу төст өвчин дэгдэлтийн түвшинд байна. 53 дугаар долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторийн 192 мянган үзлэг хийгдсэнээс 11.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон. Өвчлөл өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 8800 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 29.3 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгааны шалтгаантай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Өвчлөлийн түвшнийг насны ангиллаар авч үзвэл томуу, төст өвчнөөр өвчлөгсдийн 70 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж буй. Тэр дундаа 46 орчим хувийг тав хүртэлх насныхан байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд өвчлөл буурсантай холбоотойгоор орны ачаалал буурсан. Томуугийн өвчлөл буурч байгаа ч гэсэн сэтгэл тайвширч болохгүй. Өвчлөлийн хувьд хүндрэл ихтэй байгаа.
ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Э.Доржбурам:
-Томуугийн өвчлөлөөс шалтгаалан арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт ачаалал дээд цэгтээ хүрсэн. ЭХЭМҮТ хүүхдийн 330 ортой. Үүн дээр сайдын тушаалаар нэмэлт ор дэлгээд нийт 400 орон дээр 600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 400 орон дээр 375 хүүхэд эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар орны ачаалал 30 хувиар буурсан. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 70 хувь нь уушгины хатгалгаатай, 10 орчим хувь нь суулгалттай байна. Арванхоёрдугаар сарын сүүлээр яаралтай тусламжийн тасгаар хоногт 350-400 хүүхэд үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 150-200 хүүхэд үйлчлүүлж байна.
Яаралтай тусламжаар 24:00 цагаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь ханиалгаж, халуурсан, гүйлгэж, бөөлжсөн шинж тэмдэгтэй ирж байна. Насны хувьд авч үзвэл 1-ээс доош насны буюу сартай хүүхдүүд 40 хувь, 2-5 насны буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд 30 хувь, 6-аас дээш насны хүүхдүүд 30 хувийг тус, тус эзэлж байна. Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад орны ачаалал, өвчлөл хэдий буурч байгаа боловч суурь эмгэгтэй хүүхдүүд маш амархан хүндэрч эмнэлэгт хандаж байна. Иймд амны хаалт зүүж, эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.