СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сайд асан Т.Бадамжунай нарын хэргийг шүүхэд удахгүй шилжүүлнэ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 цагийн өмнө

Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд төрийн хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад хил давсан Т.Бадамжунайг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд эх оронд нь сүр дуулиантай авчирсан билээ. МАН-ын нөлөө бүхий хүн гэгдэж асан, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай Филиппинд бүгж буйг хууль сахиулах байгууллагынхан тогтоож, тус улсын цагдаа, прокурорынхон манай талын хүсэлтийн дагуу Сэбү хотоосоо баривчилсан юм. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр өмнөд хилийн Замын-Үүд боомтоор “УАЗ-469” машинд суун БНХАУ руу гарч, улмаар цаашаагаа дамжин дээрх улсад очсон байдаг. 

Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны намар шалгаж дуусан, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунай, түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, “87 байртай” гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг дээрх шүүхийн шүүгч Д.Дуламсүрэн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хаалттай явуулаад нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гаргасан юм. Шүүхээс уг хэргийг буцаах болсон үндэслэлдээ шинжээчдийн мэдүүлгийг авах шаардлагатай гэсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн асан, “Содмонгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын үйлдлийг тусгаарласан нь буруу гэж дүгнэсэн. НПГ-ын хяналтын прокурор болон Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл бичсэнийг 2024 оны дөрөвдүгээр сард буюу эл хэргийн гол яллагдагчийг гадаадаас шилжүүлэн авснаас хойш яг нэг жилийн дараа хяналтын шатны шүүх хянаад шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээсэн юм.

Ингэснээр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын Т.Бадамжунайд хахууль өгсөн үйлдлийг нэгтгэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон билээ. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн Т.Бадамжунайг буруутгаж буй.

“Содмонгол”-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй бөгөөд яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан Бага тэнгэрийн ам дахь хороололд Т.Бадамжунайгийн охиных нь нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө байдаг бөгөөд түүнийг ямар замаар хэрхэн авсан талаараа Т.Бадамжунай тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн тэдгээр барилгыг битүүмжлэн улсад хураах санал хууль сахиулагчид гаргасан гэдэг. Түүнчлэн Т.Бадамжунайд Ц.Анандбазар 50 000 ам.долларын хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулсан байна. Т.Бадамжунайг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-ын төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсгийн хахууль өгсөн, мөн хуулийн 22.1-1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 18.6-2.1-ийн мөнгө угаасан, Э.Жаргалсайханыг нь мөн мөнгө угаасан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллагдагчаар татсан билээ. Уг нь Т.Бадамжунай болон түүний хүргэн Э.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг НПГ-т өнгөрсөн сарын дундуур яллах дүгнэлт үйлдүүлэхээр хүргүүлсэн боловч прокурор буцаах шийдвэр гаргасан гэнэ. Учир нь “Содмонгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын хахууль өгсөн үйлдлийг заавал нэгтгэн, шүүхэд шилжүүлэх ёстой гэж үзжээ. Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт Ц.Анандбазарын үйлдлийг хамтатган холбогдох ажиллагааг хийгээд тун удахгүй шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлнэ гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

УТАА ХОРТ АГААР ЭНЭ ХҮНИЙГ САНАГДУУЛСААР БАЙГАА ШҮҮ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.