СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-01-10

2025 он: Танд санал болгох 25 экспертийн зөвлөгөө

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

“Зууны мэдээ” сонин оны эхний “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 2025 онд танд хэрэг болох 25 экспертийн зөвлөгөөг хүргэж байна.  Ингэхдээ бид амьдралын хэв маягт тохирсон энгийн зөвлөгөөнүүдийг экспертүүдээс авлаа.  Нойргүйдлийн асуудлаас эхлээд дэлгэцийн хамаарал, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүй,  гэнэтийн осол, гамшиг, эрүүл мэнд, даатгалын үйлчилгээг хүртэл онцоллоо.

Шөнийн нойр хамгийн эрхэм шүү
Их эмч Т.Цэрэнтогтох

-Нойр, хоол, зөв амьсгал гурав бол эрүүл байх үндэс.  Тэр дундаа шөнийн нойр хамгийн эрхэм. Тархи амарч байдаг.  Өдрийн нойр бол биеийн амралт байж болно.  Шөнийн нойрыг чанартай авах зөвлөгөөг хүргэе.  Унтахдаа зулайгаа хойд зүг рүү харуулж унтана гэсэн зарчим бариарай. Оройд өдөр нь болсон таагүй үйл явдлуудаа аль болох мартаарай. Ингэхийн тулд хүүхдүүдтэйгээ сайн ярилц, тогло. Альбом эргүүл, ном унш. Зарим бодлууд салахгүй байвал унтахаас 1-2 цагийн өмнө хүйтэн, бүлээн усаар толгой, хөлөө угаагаад үзээрэй.   Энэ нь тархины хэт их бодол, төвлөрлийг сарниулж байдаг.  Мөн оройд шөл, устай хоол идээрэй. Өдрийн нийт хооллолтын 20 хувь нь л оройн хоол байдаг гэдгийг анхаараарай. Хэвтэхээс гурван цагийн өмнө та хооллосон байх, 1-2 цагийн өмнө шингэн зүйлээ зогсоосон байх шаардлагатай. Мөн унтахын өмнө нэг цагийн өмнө телевиз, гар утсаа унтраагаарай.  Эдгээр нь нарны туяатай ойролцоо хөх туяа ялгаруулдаг.  Тархи түүнийг өдөр байна хэмээн хүлээж авдаг шүү.

Өглөөний цайгаа битгий алгасаарай
Хоол зүйч Б.Дариймаа

 

-Бидний бие шөнийн цагт унтаж, амарч байхдаа мацаг барьж байдаг. Үүнийг тайлах хоол нь хамгийн эхэнд идэж байгаа өглөөний цай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар өглөөний цай уусан хүн тухайн өдрийнхөө эрч хүчний 25 хувийг авдаг болохыг тогтоосон. Мөн судалгаанаас харахад монголчууд өглөөний цайг ууж хэвшээгүй байдаг. Өглөөний цай уухгүй байхын сөрөг нөлөөнөөс дурдвал ажиллах эрч хүч буурна, анхаарал муу төвлөрнө, ходоод, элэг цөсний өвчлөл үүснэ, уур бухимдалтай болж жингийн илүүдэлтэй байдаг. Таргалалттай хүмүүсийн 75 хувь нь өглөөний цайгаа уудаггүй гэсэн эрдэмтдийн судалгаа байна. Үүнээс харахад эрүүл байхын тулд өглөөний цайгаа ууж хэвших хэрэгтэй. Өглөөний цай уухгүй байснаар дархлаа буурна, халдварын бус өвчнүүд болох даралт ихсэх, харвах, чихрийн шижинд өртөх эрсдэл нэмэгдэнэ, хоол боловсруулах эрхтний хямрал даамжирч хавдар үүсгэх алсын эрсдэлтэйг анхаараарай.

Сэтгэл зүй эрүүл мэндийн асуудлаа дасгал хөдөлгөөнөөр эмчлэх боломжтой
“Physical gym”-ийн захирал Б.Баяртогтох

 

-Дасгал хөдөлгөөн нь хүний биеийн бодисын солилцоог эрчимжүүлж, эд эсийг сэргээж аз жаргалын дааврыг ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл, дасгал хийх нь хүний өдөр тутмын амьдралд олон эерэг нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тиймээс ямар нэгэн байдлаар дасгал хөдөлгөөнийг өөрийн амьдралын нэг хэсэг болгох шаардлагатай. Дасгал хөдөлгөөнийг эрчимтэй хийнэ гэхээсээ илүү эхлэх нь чухал. Харин дараа нь аажмаар дасгалуудаа хүндрүүлээд явах хэрэгтэй. Эхлэх гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ бэлд гэж хэлмээр байна. Эхний нэг, хоёр удаагийн бэлтгэлд биеэ дасгаж, долоо эсвэл 14 хоногийн дараагаас эрчимтэй дасгал хийх нь зөв. Хэрэв танд сэтгэл зүйн асуудлууд үүссэн бол дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэсэг болгоорой. Ингэснээр таны сэтгэл зүй болон эрүүл мэндийн олон асуудал шийдэгдэнэ.

Дахивраа ангилах дадалд суралцъя
“Ээлтэй үйлдэл” ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Амударъя

 

-Хогоо багасгахын тулд худалдан авалт хийхдээ өөрөөсөө дор хаяж гурван удаа асууж, худалдан авалт хийхээ хэдэн өдрөөр хойшлуулах. Энэ мөнгөө хэмнээд зогсохгүй хэрэггүй худалдан авалт хийхээс сэргийлж чадна. Эд хогшил болон хувцас зэргээ элэгдтэл ашиглах. Энэ нь таны эд хогшлын эдэлгээг уртасгаад зогсохгүй, санхүүд хэмнэлттэй. Нэгэнт бий болгосон хог хаягдлаасаа дахиврыг нь ангилан ялгах нь дахин боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эдийг цуглуулахад дэм болохоос гадна хөрсөнд булагдаж, хогтой нийлж урвалд орж агаарын болон орчны бохирдол үүсгэхээс сэргийлдэг. Тиймээс хогоо ангилж, тушааж сурах нь зүйтэй. PET – нэг удаагийн ундаа, усны сав. Үүнийг Улаанбаатар хотод дахин боловсруулалтад оруулж байгаа тул дахивар нөөц болно. HDPE – Ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисын сав, савлагаа лааз, шингэн бүтээгдэхүүний энэхүү савлагаа нь зай бага эзлэх бөгөөд өндөр үнээр авагддаг дахивар бүтээгдэхүүн юм. Шилний хаягдал нь байгаль орчинд маш олон жил уусдаггүй төдийгүй галын аюулыг нэмэгдүүлдэг тул дахин ашиглах байдлаар дахивар нөөц болдог юм. Энэ гурваас бусад гялгар уут, цаас, дахин боловсруулах боломжгүй хогуудаас аль болох татгалзаж байгальд ээлтэй хэрэглээнд дадахыг зөвлөж байна.

Хуурамч мэдээллийн цаад зорилгыг ойлгох нь чухал байна
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч  Э.Батцэцэг

 

-Цахим орчинд зураг, бичлэг, AI ашигласан сонирхолтой дүрслэл, сэтгэл хөдөлгөсөн бичвэр зэрэг шууд анхаарал татсан содон мэдээлэл олон таардаг. Түүнийг хүн харангуут гайхах, уурлах, уярах зэрэг сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлж, өндөр хандалттай болгодог. Энэ шинж чанарт тулгуурлаж нийгмийн сүлжээний платформуудын алгоритм ажиллаад, ижил төрлийн мэдээллүүдийг л тэр хүнд харуулж байдаг. Тиймээс хамгийн түрүүнд анхаарал татаж буй тухайн мэдээллийг түгээсэн хаягийг шалгаж үзээрэй. Нэр, зураг нь өөрийн биш, хөтөлсөн байдал нь бодит хүнийх гэхээсээ илүүтэй бусдын постыг шэйрлэдэг байвал эргэлзээтэй. Яахав, нэр, нүүрээ нууцлаад, бусдын үзэл бодлыг л хуваалцмаар байгаа хүн байж болно л доо, гэхдээ итгээд байхаар эх сурвалж биш. Ялангуяа тийм хаягаас эмчилгээний арга, бэлэг өгөх, азтан шалгаруулах, эсвэл хэн нэгний тухай баримтгүй, хуурамч мэдээлэл түгээсэн үед бүр хаячих хэрэгтэй.

Даатгалгүй хүн боловсролтой, соёлтой хүнд тооцогдохгүй болжээ
“Ачит ундарга даатгал”-ын зуучлагч ерөнхий захирал Ш.Батчимэг

 

- Ер нь боловсролтой хүний соёлын нэг илэрхийлэл даатгал юм. Хүний амьдралд нийтлэг дөрвөн төрлийн даатгал байдаг. Эрүүл энх, аз жаргалтай, амар, амгалан, сайн, сайхан барцадгүй мэнд амьдрах бол­тугай гэж манай монголчууд ерөөдөг. Тэгвэл барцадгүй мэнд гэдэг нь эрсдэлгүй мэнд байцгаая гэсэн санааг илэрхийлдэг. Хувьдаа эрүүл мэндийн даатгал авах нь нэг номерын асуудал. Хоёрдугаарт, манай­хан энэ цаг үед утаанаас зугтаж аргагүй эрхэнд гадаад орон руу явж байна. Гэнэтийн аюулд өртөх, мэдэхгүй газар ямар нэгэн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зүйл бол аяллын даатгал. Түүнчлэн үйл хөдлөл хариуцлагаа тооцох жолоочийн, үл хөдлөх хөрөнгийн, зээлийн, санхүүгийн, хөрөнгийн, ажил мэргэжлийн гэх мэт даатгалын үйл­чилгээ олон. Амьдралаа өөрийнхөө хяналтад байлгая гэвэл даатгал хийлгэх нь чухал. Герман улсад удирдах ажилтны даатгал гэж байдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой өндөр албан тушаалын орон тоо даатгалтай байх хуультай. Хураамжийг нь улсаас төлдөг. Тухайн хүн албан тушаалаа буруугаар ашиглаж улсад их хэмжээний хохирол уч­руул­сан тохиолдолд тухайн даатгалын компани хохирлыг нь ба­раг­дуулна. Буруутай албан тушаалтнаас эргүүлээд хохирлыг нь нэ­хэм­жилдэг гэсэн үг. Хамгийн гол санхүүгийн хохирлыг нь даат­га­лаар баталгаажуулдаг гэсэн үг. Энэ хууль манай улсад зайлшгүй байх ёстой хууль.

Эрт илрүүлгийн сайн багц санал болгож байна
Анагаах ухааны доктор Ч.Энхболд

 

-Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчлөл маш их байна.  Шалтгаан нөхцөл нь харилцан адилгүй.  Тэгэхээр бид энэ өвчлөлөөс сэргийлэхийн тулд эрт илрүүлэгт орох зайлшгүй шаардлагатай. Мэдээж хавдар илрүүлгээс шалтгаалж эдгэрч болно. Манай хоёрдугаар төв эмнэлэг эрт илрүүлгийн маш сайн багц санал болгоё.  Хувьдаа компанитай болон бусад сонирхсон найзууд, албан байгууллага бидэнтэй холбогдож болно. Манай эрт илрүүлгийн багцад цусны дэлгэрэнгүй, биохими, В, С вирус, ЭХО, рентген, зүрхний бичлэг, КТГ (компьютер), MRI (Мрай), улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний дуран багтаж байна. Эдгээр шинжилгээ байхгүй бол эрт илрүүлэг дутуу дулимаг шүү. Манай хоёрдугаар төв эмнэлэг даатгалаар үйлчилж байгааг сануулая.

Хэлний чадвараа сайжруулахад авиа бүтцийн үндсэн ойлголт чухал
АНУ-ын TOEFL-ийн шалгалтын итгэмжлэгдсэн E-pen төвийн зөвлөх багш Г.Шүр-Эрдэнэ

 

-Англи хэл Монголын зах зээлд өнөөгийн бидний нийгмийн амьдралд орж ирээд 30 гаруй жил болсон байна. Англи хэлийг зөвхөн гадаадад сурахаар явж байгаа хүмүүс суралцдаг байсан бол одоо албан болон албан бусаар сонирхон суралцаж байгаа нь нэг төрлийн амжилт юм. Бид залуучуудад англи хэлийг академик түвшинд суралцахыг 20 жилийн өмнөөс уриалж зөвлөж байлаа. Энэ түвшинд суралцахад ихээр нөлөөлдөг зүйл нь англи хэлний ерөнхий мэдлэгээс гадна амьдралын ерөнхий мэдлэг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, улс төр, биологи, газар зүй, одон орон, түүх, нийгмийн мэдлэгийг эх хэл дээрээ ба англи хэл дээр авах шаардлагатай. Мөн англи хэлийг сурахдаа анхнаасаа авиа, бүтцийн үндсэн ойлголт маш зөв байх хэрэгтэй. Манай сургалтын төвд хамрагдаж байгаа сурагчдаас харахад дүрс, авианы ойлголтууд буруу сууснаас болж академик түвшний шалгалтад тэнцэхгүй байх эрсдэл гарч ирдэг. Унших бичих дасгалыг дадал болгож, маш богино хугацаанд зөв ойлгохын тулд сэдвийн түлхүүр үгийг бичиг болон ярианд таньж зөв ашиглаж сурах нь чухал. Монгол хэлний өгүүлбэрийн бүтцийн зөв суурьтай хүн англи хэлний өгүүлбэрийн бүтцийг маш сайн ойлгодог учраас гадаад хэлийг сурахаас өмнө эх хэлийнхээ суурь дээр анхаарахыг зөвлөж байна.

Хүн өдөрт 60-70 литр усыг хэмнэх бүрэн боломжтой шүү
Усны газрын дарга З.Батбаяр

 

-Бид өдөрт 2 литр ус ууж, 200 литрийг бусад ахуйд хэрэглэдэг. Тэгэхээр уух усаа аль болох цэвэр ариун байлгаж хэмжээг нэмэгдүүлэх, харин бусад хэрэглээний усаа байж болох их хэмжээгээр хэмнэх шаардлагатай. Хүн өдөрт 4-5 удаа жорлон ордог гэж бодвол ус татахад 40-50 литр, гараа угаахад 20-25 литр ус хэрэглэдэг байх нь. Тэгвэл энэ 60-70 литр усыг хэмнэх бүрэн боломжтой. Тухайлбал, дээврийн усаа хуримтлуулж жорлонд хийх, гар нүүрээ угаасан эсвэл усанд орсон усаа жорлонд хийх, төмс ногоогоо угаасан усаа шалаа угаахад ашиглах зэргээр усаа хэмнэх бүрэн боломжтой. Хүн бүр  хоногт 50-60 литр ус хэмнэх боломжтой, мөн дахиад хоногт  100 орчим литр усыг дахин ашиглах замаар хэмнэж болно. Хамгийн гол нь хүн (ялангуяа хүүхэд) гэртээ ус хэмнээд сурчихвал ажил дээрээ үйлдвэр дээрээ технологи дээрээ усаа хэмнээд эхлэх юм. Хүн бүр ус хэмнэвэл Улаанбаатар хотын унд ахуйн хэрэглээний усны  20-25 хувийг хэмнэж чадна. Харин үйлдвэр аж ахуйн газар бүр усаа хэмнээд эхэлбэл Монгол Улсын усны хэрэглээнийхээ 30-40 хувийг хэмнэж чадна.Ингэж хэмнэж чадвал үр хүүхдүүдийнхээ уух усыг 20-30 хувиар нэмэгдүүлж чадна.

Ухаалаг хөрөнгө оруулалт хийх нь амжилтад хүрэх түлхүүр юм
“Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Билгүүн

 

-Монголын эдийн засагт хөдөө аж ахуй, уул уурхайн салбар өсөлттэй байгаа нь хөрөнгө оруулагчдад онцгой боломж олгодог. Эдгээр салбарын компаниудын хувьцаанд хөрөнгө оруулах нь урт хугацаанд ашиг хүртэх, өөрийн санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Үүнээс гадна, хөрөнгийн зах зээлд оролцох нь санхүүгийн сахилга бат бий болгож, урт хугацааны төлөвлөгөө гаргах дадлыг төлөвшүүлдэг давуу талтай. Гэхдээ хөрөнгийн зах зээл өөрийн онцлогтой бас эрсдэлтэй. Тиймээс судалгаа сайн хийж, урт хугацааны стратеги боловсруулан ажиллах ёстой. Хөрөнгө оруулалт хийх эсэх нь хувь хүний санхүүгийн зорилго, боломж, эрсдэл даах чадвараас шууд хамаарна. Монголын хөрөнгийн бирж бол хөрөнгө оруулалтын гараагаа эхлэхэд тохиромжтой, ирээдүйтэй зах зээл. Эхлээд судалгаа хийх, өөрийгөө хөгжүүлэх замаар ухаалаг хөрөнгө оруулалт хийх нь амжилтад хүрэх түлхүүр юм.

Зөв амьдралын хэв маягтай байх нь сэтгэл зүйгээс ихээхэн шалтгаална
“Гэр бүл сэргэлт” ТББ-ын тэргүүн, сэтгэл судлаач, доктор Ш.Чулуунцог

 

-Хүмүүс ихэвчлэн зөв амьдралын хэв маягийг эрүүл хоол, эрүүл хөдөлгөөн, бүтэн нойр гэх мэтээр хардаг. Энэ бол үнэн хэдий ч бүхлээрээ биш юм. Сэтгэл зүйн таатай болон таагүй мэдрэмжүүд нь хүний биеийн физиологитой шууд хамааралтай байдаг ба ерөөсөө ангид биш зүйл гэдгийг шинжлэх ухаанаар нээсэн.

Орчин үед сэтгэл зүйн эрүүл байдлыг чухалчилж эхэлж байна гэж их ярьдаг ч энэ нь орчин үед ч биш, хүн байгаа газар зайлшгүй байсаар л ирсэн хөгжсөөр л ирсэн. Нэг ёсондоо хоол идэх хэрэгцээ байдаг шиг сэтгэлийн дэм дэмжлэг авах зайлшгүй хэрэгцээ шаардлага байдаг. Тиймээс хүмүүст зөвлөхөд:

1. Урд удаан насалж аз жаргалтай амьдрахад сэтгэл зүйн холбоо хамаарал байдаг гэдгийг ойлгох

2.Өөрт нь тохиолдож буй асуудлаа даван туулахын тулд мэргэжлийн байгууллага, хүнд хандаж зөвлөгөө авах

3.Танд тохиолдож буй таагүй мэдрэмжээ илэрхийлж арга зам хайх нь сэтгэцийн өвчтэй хүний үйлдэл бишээ гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Гэр бүлийн шинэ гишүүнтэй болох гэж байна уу
“SOS” жижиг амьтны эмнэлгийн захирал Ж.Гэрэлтуяа

 

-Гэр бүлийн шинэ гишүүн тэжээвэр амьтантайгаа 10-15 жил хамт амьдрахыг тооцоолж, сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх хэрэгтэй. Хайрлаад тэжээхээр шийдсэн бол эхлээд малын эмчид үзүүлэн анхан шатны ерөнхий үзлэг хийлгэн  зөвлөгөө авч, халдварт өвчин болон гадна, дотно шимэгч өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Малчны хоточ болон харуул хамгаалалтаар тэжээж буй хашааны ноход түүхий мах, малын сэг зэм, тарвага зурам гэх мэт зүйлсээр хооллодог тул сард нэг удаа заавал туулгалт хийж, хүнд бэтэг өвчин, малд эргүү өвчин халдварлахаас сэргийлэх хэрэгтэй. Мөн амьтан тэжээдэггүй, айж эмээдэг хүмүүсийг хүндэлж нохойгоо гадаа салхилуулахдаа байнга хөтөлж, хошуувчтай гаргаж, баасыг нь уутлаад хогийн цэгт хаяарай. Муур гэртээ зориулалтын нойл ашигладаг тул өдөр бүр бээлий өмсөн цэвэрлэж, гараа угаана. Нэмэлт мэдээллийг малын эмчээс тодруулж болно.

Зорилго том байх тусам хүрэх нь ховор байдаг шүү
Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл

 

-Том зорилго тавих хэрэггүй.  Бие хүний танин мэдэхүйн процесс өөрөө тун гайхамшигтай зүй тогтолтой. Өөрийн асуудалд бодит хандах талаар бодож амжихгүй, хөөсрөлтэй хэт дэврүүн байх тал бий. Төвлөрөл их, нийгмийн хяналт шүүмж их орчинд амьдран буй бидэнд хүрэхүйц үр дүнтэй, тодорхой хугацааны дараах үр дүнг хараад цааш алхах зорилтууд хэрэгтэй. Зорилго том байх нь тэмүүлэл их болгож хуурамч хариу үйлдэлтэйгээр ухамсарыг хооллож өөртөө итгэх боловч өдөр тутмын амьдралд тээр тушаа стресс үүсгэдэг. Хяналт нь ердөө нэгж шинж чанар бүхий таны үйл хэрэг, үйлдэл юм. Таны нийгмийн статус амьдралын хувьд ээж, аав, ажилтан, оюутан гээд аль төлөөллөөс хамаарч таны өөртөө тавих зорилго биелэгдэхүйц нөөцийг шаарддаг. Тодорхойгүй баян болно, энэ жил жинхэнэ ална гэдэг ч юм уу, хий тодорхойгүй чиглэлд агуулгад өөрийгөө уях нь зорилго руу явах зам жимийг улам бартаатай балархай болгодог. Зорилго том байх тусам хүрэх нь ховор. Та хүссэнээ буй болгох, тухайн зорилгод хүрэх нэгж зорилт тухайлбал, тодорхой үр дүн биелэлтийг харах нэгж алхмуудыг хийгээрэй.

Галын аюулаас сэргийлэхийг зөвлөж байна
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар

 

-Нийслэлийн хэмжээнд нийт дуудлага мэдээллийн 70 гаруй хувийг гал түймрийн дуудлага эзэлж байна. Учир нь яндангийн цонолт, цахилгааны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан байдаг. Хүйтний эрч нэмэгдэхэд гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Тиймээс гэр хорооллын айл өрхүүд галлагааны аюулгүй байдлыг хангах нь чухал. Тодруулбал, гэр, сууцныхаа зуух, яндангийн аюулгүй байдлыг хангах, үнс нурмаа тагтай саванд хийх, янадгаа тогтмол хөөлөх, угаарын хийн мэдрэгчийг байрлуулах, цахилгааны ашиглалт, угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхдийг гэрт нь цоожлохгүй байхыг зөвлөж байна. Мөн дулааны улиралд гол, усны ослоор иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирдог. Тиймээс согтууруулах ундааны зүй хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, бага насны хүүхдийг гол, усны ойролцоо байнгын хараа хяналттай байх, Аялал зугаалгаар явахдаа гол, нуурын эрэг дагуу майхан барьж отголохгүй байх, Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаат зам гүүрээр зорчин явах, Гол устай газар зам товчилж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэл оруулахгүй байхыг зөвлөж байна.

Хуримтлалтай болохын тулд 50/30/20-ын дүрмийг барь
Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг

 

-Монголчууд санхүүгээ төлөвлөдөггүйгээс гадна санхүүгийн шийдвэр гаргалт нь хэт ойрыг харсан байх хандлага ажиглагддаг. Хүмүүс дийлэнхдээ зорилго, тооцооллоо буруу хийснээс үүдэн санхүүгийн дарамтад ордог. Тэгэхээр хуримтлал үүсгэж чадахгүйд хүрч байгаа юм. Тэгвэл хуримтлал үүсгэхийн тулд мөнгөө хэмнэх хэрэгтэй гэхээс илүүтэй хуваарилалтаа зөв хийх нь чухал гэдгийг онцолмоор байна. Тэгэхээр 50/30/20-ын дүрмийг ашиглаж болно. Энэ дүрмийг баримталснаар орлогынхоо түвшнээс давсан зардал гаргахгүй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, орлогынхоо 50 хувийг хэрэгцээндээ зарцуул. 30 хувийг өөрийн хүсэл, сонирхолдоо харин үлдсэн 20 хувийг нь хадгаламж эсвэл хөрөнгө оруулалт хийхэд зарцуулах дадалд суралцах хэрэгтэй. Ингэснээр онцын шаардлагагүй зардлаа танаж хүсэл, хэрэгцээгээ ялгаж худалдаа хийх нөхцөл бүрдэнэ. Хувь, хүний болоод өрхийн эдийн засаг гэдэг ердөө л энэ л дээ.

Заавал зорин очиж, шимтэн үзэх  газруудыг танилцуулъя
“Жуулчин” ХХК-ийн  Инбаунд албаны дарга  Н.Болортуяа

 

-Эх орныхоо 21 аймгийг бүгдийг нь тойрч үзэхэд нэлээдгүй хугацаа шаардагдах тул заавал зорин очиж, шимтэн үзэх  газруудыг танилцуулъя. Хөвсгөл нуур нь ой мод, өндөр уулсаар хүрээлэгдсэн онгон дагшин цэнгэг нуур. Зуны улиралд та морь унаж, завиар зугаалан, цаатан айлаар зочилж нарсан ойгоор зугаалаарай. Харин өвлийн улиралд “Хөх сувд” мөсний баярт оролцон мөсөн хөшөө үзэж, морин чаргаар хөдсөн нууран дээгүүр гулгах боломжтой.  Мөн заавал зорин очиж үзэх үзэсгэлэнт газрын нэг бол Говь Гурван сайхан байгалийн цогцолборт газар. Өмнөговь аймагт үзэсгэлэнт газар  олон бий.  Түүний нэг нь  Ёлын ам. Ёлын ам нь далайн түвшнээс 2800 гаруй метр өндөрт оршдог бөгөөд хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддагаараа онцлогтой.  Баянзаг нь гадаад жуулчдын дунд Flaming cliffs буюу Асаж буй толгод гэдэг нэрээр алдаршсан галын дөл мэт улаан хөрстэй тул нар мандах, нар жаргах үед гал асаж буй мэт харагддаг. Хонгорын элс нь Өмнөговь аймгийн бүх нутгийн гурав орчим хувийг эзэлдэг элсэн нуруу, манхан, тармаг элс бөгөөд Монгол Улсын томоохон баянбүрдийн нэг.

Агуу Марсэлийн нүдээр ертөнцийг хараарай
“Болор судар” хэвлэлийн газрын ерөнхий редактор П.Баттогтох

 

-Дээд уран зохиолын хорхойтнуудын хувьд ном унших гэгч ямар нэг ашиг хожил, ухаарал, хөгжлийн эрэл хайгуул биш. Харин зохиогчийн ертөнцөд амьдарч, зохиогчийн нүдээр харах, зохиогчийн сэрлээр сэрэх жаргал таашаалын эрэлхийлэл юм. Ийм нэгэн зохиол бол Марсэль Прустийн “Алдуул цагийн эрэлд” долоон боть роман мөн. Францын зохиолч Марсэль Пруст бодлын урсгалаа ажиглан эл нүсэр романаа бичсэн нь хүн төрөлхтөний уран зохиолын охь дээж болон мөнхөрсөн билээ. Оюун соёлыг дээдэлдэг айл бол номын сангийнхаа хамгийн хүндтэй тавиурт залмаар энэ цувралын эхний хоёр боть “Сувааны зүг”, “Цэцэг цэврүү шиг охидын сүүдэрт” роман нэрт орчуулагч Л.Алтангэрэлийн дуун хөрвүүлгээр уншигчдад хүрэхэд бэлэн болоод байна. Тиймээс энэ онд агуу Марсэлийн ертөнцөд зочилж, түүний нүдээр амьдралыг хараарай гэж оюунлаг уншигчдадаа зөвлөе.

Ажлаас халшрах нь эмгэг биш ажлын байрны стресс их байна
Сэтгэл зүйч Ч.Цэцэгмаа

 

-Ажлаас халшрах эмгэгийн эхний шинж тэмдэг нь ажлын байрны удирдлагуудын харилцаанаас шууд хамааралтай гэж үзэж болно. Ажлын бүтээмжид хүн хоорондын харилцаа маш чухал байдаг. Энэ эмгэг буюу хам шинж нь ажлын ачаалал, ажлын хамтрагч нарын харьцаа таагүйгээс үүдэн үүсдэг гэж хэлж болно. Хамтран ажиллагсад нэгэнтэйгээ захирангуй, зандрангуй харьцаж буруу ойлголцолтой удаан явснаар хүмүүс ажлаасаа халширч эхэлдэг. Тиймээс аливаа албан байгууллагын ажилчид ёс зүйтэй, соёлтой байж хувь хүний сургалтад хамрагдаж өөрийн болон бусдын сэтгэл санаа руу өнгийн хардаг байвал энэ эмгэг эмчлэгдэх эхний алхам болно. Нэг байгууллагад ажилладаг ч бид тусдаа үзэл бодолтой хүмүүс гэдэг талаасаа хандах биш бид нэг баг болж ажиллаж байгаа гэсэн бодлоор хандвал энэ асуудлын зөв шийдэл болно. Аливаа асуудлыг томрохоос урьтаж өөрийгөө анзаарч, анхаарч байхыг зөвлөж байна.

Эрүүл шүдтэй ч эмчийн үзлэгт жилд 1-2 удаа хамрагдъя
“Сон медикал центр” эмнэлгийн Нүүр, амны их эмч Ш.Наран-Эрдэнэ

 

-Манай улсын хувьд нийт хүн амын дундах шүд цоорлын тархалт их өндөр хувьтай байдаг. 18 нас хүртэлх хүүхдийн дунд шүдний цоорол 70-95 хувийн тархалттай, 50-аас дээш насанд хэсгийн болон бүрэн шүдгүйдэл их болсон. Энэ нь нэг талаараа нийт хүн амын дундах амны хөндийн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг муу байдагтай холбоотой. Эцэг эх бүр хариуцлагатай байж хүүхдийг бага наснаас нь шүд арчилгааны талаарх мэдлэгтэй болгох, шүд угаалтыг хэвшүүлэх, өвчилсөн хойно нь биш өвчлөл үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь чухал. Шүдний цоорол нь бактерийн гаралтай үүсдэг өвчин бөгөөд хүний бие дэх 200 орчим төрлийн өвчний шалтгаан болдог. Шүд цоорлоос гадна буйлны үрэвсэл, шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин зэрэг нь тархалт өндөртэй байдаг. Тиймээс ямар нэг зовуурьгүй байсан ч гэсэн жилдээ 1-2 удаа шүдний эмчийн үзлэгт заавал хамрагдаж байхыг зөвлөж байна.

Хүүхдийнхээ насны онцлогт тохируулж харилцана шүү
“Сэтгэлийн оч” ТББ тэргүүн, хүүхдийн сэтгэл зүйч, докторант Б.Уянга

 

-Хайр, хүндлэл үзүүлэх. Хүүхдийнхээ үзэл бодол, мэдрэмжийг анхааралтай сонсох нь тэднийг чухал хүн гэж мэдрүүлэх болно. Хүүхэд буруу зүйл хийсэн ч шүүмжлэхээс илүүтэй түүний мэдрэмжийг ойлгож, алдаанаасаа суралцах боломж олгоорой.

Хүүхдийн насны онцлогт тохируулж харилцах. Бага насны хүүхэдтэй тоглоомоор дамжуулан өөрийгөө илэрхийлэх боломж олгох. Өсвөр насны хүүхэдтэй хувь хүний орон зайг хүндэлж, бие даасан байдлыг дэмжих.

Өдөрт тогтмол цаг гаргах. Өдөр бүр багадаа 20-30 минутыг хүүхэдтэйгээ өнгөрөөж, ярилцаж, тоглох нь эцэг эхийн хайр, анхаарал халамжийг мэдрүүлдэг. Эерэг үлгэр дуурайл үзүүлэх. Хүүхэд ихэвчлэн эцэг эхээсээ үлгэр дуурайл авдаг тул өөрийгөө хянах, асуудлыг тайван шийдвэрлэх хандлага үзүүлээрэй. Шагнал, шийтгэл хоёрыг тэнцвэртэй хэрэглэх. Шийтгэл нь хүүхдийг айлгах бус алдаанаасаа суралцах боломж өгөх зорилготой байх хэрэгтэй.

Цахим мөрийтэй тоглоом айл бүрийн асуудал болох вий
СЭМҮТ-ийн Сэтгэл засалч эмч, Донтох эмгэг судлаач Ж.Гантулга

 

-Дэлгэцийн хамаарал их бага хэмжээгээр хүн болгонд тулгамдсан асуудлыг үүсгэж байна. Энэ бол зөвхөн Монголд биш дэлхий даяар тулгамдаж байгаа асуудал. Дэлгэцийг нэг их ширтээгүй ч дараа нь тэр тухайгаа бодох нь мөн үүний нэг шинж.  Гэхдээ нийтээрээ асуудалтай бол­сон гэж хэлж болохгүй. Сүүлийн үед цахим мөрийтэй тоглоомд бооцоо тавих асуудал ихэссэн. Энэ асуудлаар 2020 онд гурав хүн хан­даж байсан бол 2023 онд 106 болж нэмэгдсэн. Тэгэхээр цахим мө­рийтэй тоглоом айл бүрийн асуудал болох вий гэх болгоомжлол байна. Хэрэглэгчдийн дундах судалгаагаар дэлгэц, технологийг хэр бүтээмжтэй ашиглаж байгаа вэ гэдгийг бусад улс орнууд чухалчилдаг. Харин манайд энэ талаар хийсэн судалгаа байхгүй. Хүмүүс дор бүрдээ өөрийнхөө дэлгэцийн хэрэглээг бодох хэрэгтэй. Өсвөр насны хүүх­дүүдийг өдөрт хоёроос дээш цагаар дэлгэц ширтэх нь асуудал гэж үздэг. Тиймээс 1-2 цаг гэдэг хязгаарыг өөртөө тавих ёстой. Ингэж л дэл­гэцийн хамааралд өртөхгүй байх шалгуур болж, баримжаа авах боломжтой.

Бланс алдагдвал өөрийгөө үнэ цэнгүйгээр мэдэрч эхэлдэг шүү
Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ

 

-Та гэрийнхээ үүдэнд ирээд, ажлаа мартаад инээгээд ороорой. Харин ажил дээрээ очоод гэрийн асуудлаа март.   Ажил амьдралын бланс алдагдаж, зохицуулж чадахгүй байгаад гэрийнхэн болон ажлынхантайгаа муухай харилцаж, эцэстээ амжилт ч санахын хэрэггүй болж, өөрийгөө үнэ цэнгүйгээр мэдэрч эхэлдэг.  Танд өөрийн болон гэрт, ажил дээр тохирсон төлөвлөгөө, зарчим байх хэрэгтэй. Гэртээ ажил бодохгүй зүгээр амар,хүүхэд, хань ижилдээ санаа тавь, их цэвэрлэгээ хийдэг өдөртэй бай. Ажил дээр санаа зовоогоод байдаг гэрийн ажлаа хамгийн түрүүнд хийж гүйцэтгэ эсвэл бэлдээд тавь.  Харин ажил дээрээ  өөрийн идэвхтэй цагаа тодорхойлж төлөвлө. Өдөрт 2-3 л жижиг зорилго тавьж, түүндээ хүр. Хэт байх аваас түүндээ хүрэхгүй бол шантарна.

Таргалалттай бол сахрын шинжилгээ заавал өгөөрэй
Диабет судлаач Г.Жаргалсайхан

 

-Дэлхий дээр 500 сая хүн сахрын өвчтэй байна. Монголд 400 орчим мянган хүн сахрын өвчлөлөөр өвдсөн гэх судалгаа бий. Энэ өвчнөөр өвдөж буй нь бидний хоол хүнстэй холбоотой. Тухайлбал, гурилан бүтээгдэхүүн, чихэр, архи, тамхи нь дээрх өвчнийг үүсгэх нөхцөл болдог. Мөн сахартай болж буй хүмүүсийн 95 хувь нь таргалалттай байгаа юм. Тиймээс та жингийн илүүдэлтэй бол сахрын шинжилгээ заавал өгөх хэрэгтэй. Хэрэв шинжилгээгээр сахартай гарсан бол энэ өвчний талаар тодорхой мэдээлэлтэй болж хянах төхөөрөмжтэй болж хянах хэрэгтэй. Үгүй бол сахрын хүндрэл болно. Энэ өвчнийг хоол, хөдөлгөөнөөр эмчлэх боломжтой. Мөн архи, тамхи нь сахрын өвчнийг улам хүндрүүлдэг. Тиймээс сахартай бол тамхиа хаях хэрэгтэй.

Сайтар төлөвлөж байгаад аялаарай
“Тосон Заамар Од” ХХК-ийн захирал Ц.Одгэрэл

 

-Монголчууд нэг үеийг бодоход гадаад, дотоодын аялал хийх болсон. Мэдээж аялахын тулд эхлээд сайтар төлөвлөх хэрэгтэй. Ялангуяа гадаадад аялахаар зорьж байгаа бол маш сайн судалгаа хийх нь зүйтэй. Энэ бол аюулгүй аялах хамгийн эхний дүрэм. Аялал гэдэг мөнгө байхад л болдог зүйл биш. Аялах газраа сонгохдоо ямар соёл уламжлалтай улс болох, улс төрийн нөхцөл байдал ямар байгаа эсэх, аялагчдын хамгийн их очдог болон очихоос зайлсхийдэг газрууд, өвөрмөц зан үйлүүд, буудаллах газраа зөв сонгох зэрэг алхам тутмаа сайтар тооцоолох ёстой. Мөн аяллын даатгалд хамрагдах нь таныг эсрдэлээс хамгаална. Яаралтай үед холбогдох утасны жагсаалтыг гартаа ойр авч явахаа мартаж болохгүй. Хамгийн гол нь мөнгөө сайтар төлөвлөж зарцуулах хэрэгтэй.

Эрчим хүчний зохистой хэрэглээг өрх бүрд дадал болгох хэрэгтэй
“Туурайн тамга” ХХК-ийн захирал Г.Цээпил

 

-Эрчим хүчийг цахилгаан болон дулаанаар дамжуулан хоёр төрлөөр ашигладаг л даа. Харин үүнийг хэрэгжүүлэх нь хүмүүсээс хамаарч байгаа юм. Тэгэхээр эрчим хүчийг хэмнэх нь бүхий л талын ач холбогдолтой. Хувь хүнд санхүүгийн хэмнэлт гарахын зэрэгцээ эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгоно. Дулааны хэрэглээг бууруулахын тулд дулаан алдагдалгүй болох нь нэн чухал. Үүний тулд материалын чанар, технологийн зөв шийдлийг ашиглах нь зүйтэй. Дулаан алдагдлыг бууруулна гэхээр байшин, барилгад хамааралтай мэтээр өрөөсгөл харж болохгүй. Энэ нь монгол гэрт ч хамаатай байдаг. Дулаан алдагдлыг бууруулах гэж байна гээд зузаан хана, олон давхарласан дээвэр туургатай болохгүй хэлэхгүй л дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.