Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг өргөн барилаа. 20 минутын хотуудын нэгдэл буюу хүртээмжтэй хотыг бий болгох зорилтыг дэвшүүлж байна.
Аливаа хот байгуулалтын суурь баримт бичиг нь хот төлөвлөлтийн үндсэн суурь зарчим байдаг. Эдэлбэр газрынхаа аль хэсэгт хот байгуулалтыг дэмжих, хориглолтын бүс, хязгаарлалтын бүсийг хаана үүсгэх вэ гэдэг үндсэн суурь зарчмаа тодорхойлсон. Энэ удаагийн төлөвлөгөөгөөр хотын 470 мянган га эдэлбэр газрын гурван үндсэн хэсэгт төлөвлөлтийг хийж байгаа. 2040 он гэхэд хотын нийт иргэн 2,5 саяд хүрнэ.
Хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 240 гаруй их наяд төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарч байна. Улс нийслэлийн төсвийн 120 тэрбум төгрөгийг инженер, дулаан, цахилгаан хангамж нэмэгдүүлэхэд зарцуулна. Төлөвлөлттэй инженер хангамжийн боломж бүрдсэн газрууд дээр төр хувийн хэвшлийн хамтралаар 120 гаруй их наяд төгрөгийн бүтээн байгуулалтыг хийнэ.
-Явган хүний замыг одоо байгаагаас ес дахин нэмэгдүүлэх,
-Дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлэх,
-Авто замын сүлжээг 17 мянган км-ээр нэмэгдүүлнэ. Ингэснээр оргил ачааллын үед есөн км/ц хурдтай байгаа автомашиныг 22.5 км/цагийн хурдад хүргэнэ.
-Нийт айл өрхүүдийн 80 гаруй хувийг орон сууцаар хангах зорилтуудыг дэвшүүлсэн гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.