"Хууль хяналтын байгууллага улс төрчдийн захиалгаар бизнес эрхлэгчдийг дарамталдаг асуудал хэрээс хэтэрсэн тул тус асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөж байна" гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Аж үйлдвэржилтийн байнгын хорооны даргын хувиар надад олон аж ахуй нэгж, иргэдээс гомдол мэдээлэл их ирж байна. Хууль хяналтын байгууллага улс төрчдөөс хараат байж аж үйлдвэрлэгч нар компаниуд бүтээн байгуулагч нар иргэдийг зовоож байгаа асуудлууд хэрээс хэтэрч байна. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл дээр шүүх хууль хяналтын байгууллага гагцхүү хуульд захирагдана гэсэн байдаг.
Өнөөдөр улс төрчдийн захиалгаар компаниудыг зовоож байгаа байдал хэрээс хэтэрлээ. Иймд, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс хууль завшиж байгаа явдал, улс төрчид хууль хяналтын байгууллагад нөлөөлж байгаа байдлын талаарх мэдээлэл байгаа эсэхийг тодруулахыг хүсэж, албан бичиг хүргүүлсэн. Энэ асуудлыг иргэдийн анхаарлын төвд оруулж ерөнхий хяналтын сонсгол хийнэ. УИХ-ын гишүүд шүүгчид, прокурор, хууль хяналтын байгууллагын тэргүүнүүдийг томилж, тэдний хэрэгжүүлэх хууль тогтоомжийг баталдаг. Ингэсээр байтал иргэдийг хохироож байгаа энэ үйлдлүүдийг таслан зогсоох ёстой гэж үзэж байна.
Миний бие ирэх долоо хоногоос эхлээд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлнэ. Хууль хяналтын байгууллагуудын тусгаар, бие даасан байдлыг улс төрчдөөс хамгаалах гэж энэ сонсголыг хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь тус сонсголын туйлын зорилго юм.
Баталсан хуулийн хэрэгжилт дээр улс төрчийн захиалгаар иргэд, аж ахуй нэгжүүдийг “тамлан зовоож", авлига авч байна уу гэдгийг сонсох юм. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, том улс төрчдийн занаанд орох ажил учраас хэвлэл мэдээллийнхэн маань дэмжинэ гэдэгт итгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Чиний УИХ гишүүн бх хугацаанд тв хараад л попорч бхыг чинь л мэдэх юм. Гийгүүлсэн юм бий юу