Лондон хотод 1964 оноос эхлэн авто замын түгжрэлийг төлбөрийн системээр шийдэх тухай яригдаж эхэлжээ. 1965 болон 1973 онуудад хийгдсэн бүрэн хэмжээний судалгааны дүгнэлтээр Лондон хотын төв хэсэгт автомашинаар зорчиход төлбөртэй болгосноор авто замын хөдөлгөөнийг сайжруулж, байгаль орчинг хамгаалж, ашиг орлогыг нэмэгдүүлнэ гэж үзэж. Гэвч тухайн үед дээрх шийдвэрийн оронд нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт хийх шийдвэр гарсан. 1995 онд дахин судалгаа хийж хотын бизнес, эдийн засгийн орчинг сайжруулахын тулд төлбөрийн систем нэвтрүүлэх шаардлагатайг онцолжээ.
Төлбөрийн системийн талаар 2000-2002 оны хооронд 18 сарын турш олон нийтийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн боловч шүүхээс татгалзсанаар дахин хойшилсон байна. Тэр үед Лондон хотын төв хэсгийн болон түүнээс гадна хэсгийн замууд байнгын түгжрэлтэй байдаг болсон ба нийтийн тээврийн салбарт хангалттай хөрөнгө оруулалт хийгдэхгүй,зорчигчдын хөдөлгөөний өсөлтийг нийтийн тээврийн салбарын өсөлт нь гүйцэхгүй байгаа талаар хотын захирагч нь удаа дараа анхааруулж байжээ. Үүнээс үүдэн хотын бизнесийн орчин, оршин суугчдын амьдралын чанар муудаж, долоо хоногт 7-10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгөө алдаж байгаа талаар мөн сануулж байжээ.
Улмаар хотын захирагчийн хүчин чармайлтаар 2003 онд “Түгжрэлийн хураамж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн дагуу хотын төв хэсгийн 7 сая орчим иргэн оршин суудаг, 20 орчим км.кв газар буюу Лондон хотын нийт талбайн 1,5 хувийг эзлэх төлбөртэй бүс байгуулсан. Хамруулсан газрын хэмжээг баруун тийш дахин 20 км.кв газраар сунгасан ба хөтөлбөрийн хүрээнд 2011 он гэхэд нийтийн тээврийн хүчин чадлыг 40 хувь нэмэхээр төлөвлөсөн байна.
Хөтөлбөрийн дагуу ажлын өдрүүдэд өглөө 07.00 цагаас оройн 18.30 цагийн хооронд дээрх бүсэд нэвтрэх, бүсээр зорчих, гарахад тогтсон ханшийн дагуу нэг удаагийн төлбөр төлнө. (хөтөлбөр эхлэхэд 5 паунд байсан бол 2005 онд 8 паунд болж нэмэгдсэн).
Төлбөрөөс автобус, такси, түргэн тусламж, хайбрид болон мотоцикл чөлөөлөгдсөн. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг автоматаар таних хүчин чадал бүхий 650 гаруйхяналтын камераар бүсэд нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдийг бүртгэж, бүсийн дундуур байнгын хөдөлгөөнтэй автомашинууд ашиглан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шалгах замаар хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байжээ. Жолоочид төлбөрийг цахим хуудас, мэссэж, гэрээт дэлгүүрүүд болон гар утсаа ашиглан төлнө. Төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн өдрийн орой нь нэмэгдэлтэйгээр төлөхөөс гадна төлбөрөөс зайлхийсэн тохиолдолд 40 паундын торгууль төлж, хэрэв дараагийн өдөр төлөөгүй бол 120 паунд хүртэл нэмэгдэж байсан байна.
Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр илүү үр дүн гарч, төлбөртэй бүсэд нэвтрэх нийт тээврийн хэрэгсэл буюу хувийн автомашин, жижиг оврын автобус, ачааны автомашины тоо 2002–2003 онуудад 27 хувиар багассан байна. Бүсээр дайрч өнгөрөх нийт зорчилтын тоо 65,000-70,000-аар багассан буюу 33 хувиар буурсан байна.
Лондон хотын иргэдээс хөтөлбөр хэрхэн нөлөөлж байгаа талаарх үр ашиг, зардлын анализ судалгааг авчээ. Судалгаагаар хамгийн эхний бөгөөд чухал үр ашиг нь төлбөртэй бүсэд болон гадна жолоочид болон зорчигчдын цаг хэмнэлт байгааг тооцож гаргасан байна. Мөн тээврийн хэрэгслийн зорчилт багассантай холбоотойгоор осол аваарын гаралт багассан, хорт хийн ялгарал буурсан, хуулийн дагуу хөтөлбөрийн цэвэр ашгийг нийтийн тээвэрт зарцуулж, нийтийн тээврийн салбар хөгжих нөхцөл бүрдсэн гэх мэт бусад үр ашгийн тооцоог гаргасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.