Томуу, томуу төст өвчний нөхцөлийг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Лабораторийн эрхлэгч н.Саруул:
-Сүүлийн долоо хоногт Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймгууд болон нийслэлд томуугийн сорьцод хандалт судалгаа хийжээ. Тандалт судалгаагаар нийт сорьцын 62,2 хувьд томуу, төст өвчний вирус илэрсэн байна. Таван төрлийн эмгэг төрүүлэгчийн дийлэнх нь амьсгалын замын синтициаль вирус, томуугийн H1N1 вирус эзэлж байна.
Нийслэлд сүүлийн долоо хоногт томуу, томуу төст өвчин дэгдэлтийн түвшинд байна. Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 111 мянган хүнд үзлэг хийж, өвчтэй 13 мянга орчим тохиолдлыг оношилжээ. Энэ нь нийт үзлэгийн 12.2 хувийг эзэлсэн.
Нийслэлийн түргэн тусламжийн төвд 15 мянган дуудлага ирсэн. Үүний 21 хувь нь томуу, томуу төст өвчин байжээ. Нийслэлд 21 эмнэлэгт нийт 2759 орон дээр хүүхэд хүлээн авч байна.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч н.Энхтайван:
-Энэ онд Томуугийн А хүрээний H1N1 вирус давамгайлж байна. Мөн амьсгалын замын синтициаль вирустэй нийлээд нийт өвчлөлийн 70-80 хувийг эзэлж байна. Эдгээр хэв шинж уушгийг хүчтэй гэмтээдэг, бусад эрхтэнийг амархан хүндрүүлдэг, хоруу чанартай. Харин RS вирус нь зургаа хүртэл сартай нялх хүүхдүүдэд их тохиолдож байна. Энэ нь амьсгалын дутагдалд оруулж, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүсгэдэг.
Ханиад томуу бүх эд эрхтэнд хүндрэл үүсгэдэг тул бид их болгоомжлох ёстой. Архаг, хуу өвчтэй, ядрамхай хүүхдүүд илүү их хатгаа болж, хүчилтөрөгчийн дутагдалд орж, аппаратад ордог. Иймд хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг их ачаалалтай байдаг. Олон эрхтний хямрал гэж юу вэ гэхээр гэдэс нь хямарна, хоолоо шингээж чадахгүй, цус алдана, бөөрний дутагдалд орно.
Манай улс хамгийн хүйтэн, хуурай цаг агаартай, агаарын бохирдол, хотжилт хүүхдүүдийн өвчлөлд нөлөөлж байна. Иймд ковидын үед яаж тэмцсэн, ямар дэглэм барьсан, тэдгээрийг хатуу чанд баримтлах цаг боллоо. Амны хаалт зүүж, гараа байнга угааж, хүн хоорондын зайг баримталбал томуугийн дэгдэлт буурна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.