Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн, Ардын авьяастан Л.Шинэтуяатай шинэ оны босгон дээр бэр гуйх ёсны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Ардын авьяастан Л.Шинэтуяа:
-Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Рашаант тосгоны нэгдүгээр багийн иргэн Лувсандагвын Шинэтуяа гэдэг хүн байна. Одоо 68 настай УБТЗ-д замчнаар 26 жил ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан.
2014 оноос хойш бэр гуйх ажил хийсэн. Ихэнх нь хамаатан садан, найз нөхөд, хамт олонд бэр гуйж өгөөч гээд гуйдаг. “Шинээ ах аа би ганц хүүдээ нэг бэр гуйх гэсэн юм. Та нэг гуйгаад өгөөч” гэх жишээгээр.
Би болохлоор хөөргөөр гуйдаг. Тэгээд л одоо зорьсон хэргээ хэлнэ дээ. Одоо жишээлэх юм бол “Эрээд олддоггүй эрдэнэ манайд байдаг юм байна. Сураад олдоггүй сувд нь танайд байдаг юм байна. Энэ хоёрыг нийлүүлээд эрдэнийн шигтгээтэй сувдан сондортой ээмэг бөгж хийвэл яах вэ гээд эцгийн хувьд би танаас асуух гэж байна” гэх жишээгээр.
Мөн “Орчлонгийн нэг эшлэл болох Орхонтуул нутгаас онгоцоор биш галт тэргээр улсын нийслэл Улаанбаатар хотод уулыг давж, усыг гатлан ургийн холбоо тогтоохоор танайд ирлээ” гээд. Иймэрхүү маягаар хэлнэ л дээ.
Сүү хадаг ингээд авалцсаны дараа уухайлж, хурайлж одоо бүгд бидний ирсэн хэрэг бүтлээ гээд найр эхэлнэ дээ. Тэгээд дуугаа дуулаад л дууны дундуур бол нөгөө гар цайлгах ёслолын үйл ажиллагаа явагдаж эхэлнэ. Хүргэний тал бол төрсөн аав, ээж хоёрт нь бөс бараа өгөх жишээний. Тэгээд бусдад нь хадаг, янз бүрийн мөнгө төгрөгтэй өгч, тэр айлын хамаатан садан төрсөн нь л бол тэр болгоныг нь гарыг нь цайлгах ёслолоо хийнэ.
Би одоо бараг 30-40-өөд бэр гуйсан. Салсан хүн нэг ч л байхгүй байна. Өнөөдөр би тэгээд бэр болоод тэр худ болсон улсуудад нь ч хэлдэг юм. Худ ямар байна вэ? Хоорондоо ямар байна вэ? төдий чинээ үр хүүхэд нь өшөө цэцэглэн гоё болдог юм шүү. Худууд хоорондоо бие биеэ үзэхгүй байвал амьдрал яг л тийм болно шүү тэрийг л та нар санах хэрэгтэй гэж. Бэр гуйх үйл ажиллагааг одоо сүүлийн үед асар их дэлгэрэнгүй сайхан болж хувирсан байна.
Ер нь бол бэр гуйж байхад хүн чинь бардам. Нэг хоёр үг хэлсэн ч арай л өөр байдаг юм байна лээ. Ганц охиноо өгөхөд одоо ингээд би өглөө шүү гэхэд баярлах ч хаашаа юм, харамсах ч хаашаа юм сэтгэл бол асар их хөдөлж ер нь тэгээд хоолой зангирч уйлах дайны юм болох жишээтэй. Хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй гацах нэг тиймэрхүү тохиолдол гардаг юм байна лээ шүү. Өөрөө би ерөөсөө охиноо өгч үзээгүй. Ер нь хүний сэтгэлд яг тийм юм болдог юм байна лээ. Тэр дундаа ганц охинтой болоод ч би тэгсэн үү.
Хадаг, сүүг нь авахдаа “Манцуйтай байхдаа манайх байсан юм. Магнаг торго өмсөхдөө танайх болж байгаа юм шиг байна.
Угж хөхөж байхдаа манайх байсан юм ууж өмсөх үедээ танайх болж байна. Хашийн царайтай охиныг минь хайрлаж яваарай та нар харах нүдний цөцгий мэт хамгаалж яваарай” гэж хэлсэн.
Ер нь эцэг хүн болгонд л тохиолдох зүйл байна лээ. Миний хувьд бол асар их хүнд тусаж байна лээ. Одоо ингээд явлаа шүү дээ. Одоо ингээд хүнийх боллоо шүү дээ. Ингээд миний гараас гарлаа шүү дээ гэж бодоход л өөрийн эрхгүй сэтгэл шимшрүүлдэг юм даа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.