СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2024-12-29

ТҮҮХ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн мандуулсан өдөр

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
18 цагийн өмнө

Одоогоос 113 жилийн өмнө буюу 1911 оны энэ өдөр Монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулжээ. Энэ өдрийг хуулинд зарлан тунхаглаж "Бүгд найрамдах улсаа сэргээн мандуулж, тусгаар тогтнолоо зарласан өдөр" хэмээн хуульчилж, бүх нийтээр амрах амралтын өдөр болгон тунхаглажээ.

Тодруулбал, энэ өдөр Монголчууд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, 220 жил Манж Чин гүрний эрхшээлд байсан түүхийг эцэслэж, тусгаар тогтнолоо зарлан, VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулан сайд нарыг тохоон томилж ажилд нь оруулжээ. 

 

1727 оны Буурын гэрээгээр Монгол-Оросын хилийг тогтоож, нэг ёсондоо Ар Монгол нь Манж Чин гүрний нөлөөний бүс болж, хязгаар нутаг нь болж хувирсан юм. Манж Чин гүрэн Монголыг гадаад ертөнцөөс ангид, тусгаарлагдмал байлгах бодлогыг 19 дүгээр зууны 2-р хагас хүртэл баримталж байв. Гэвч 1860, 1962, 1869, 1881 оны Манж, Оросын гэрээнүүдээр Монгол дахь Оросын нөлөөлөл нэмэгдэж иржээ.

Энэ үед Манж Чин гүрний хүч нөлөө ч суларч, үүнтэй зэрэгцээд Гадаад Монголыг улам колончлох бодлого барьж, "Шинэ засгийн бодлого" гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн нь олон жил дарлагдсан Монголчуудын дургүйцлыг улам хүргэж, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийх урьдач нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн гэж түүхчид үздэг юм

Учир нь Манжийн Шинэ засгийн бодлого нь Монгол нутагт хятадуудыг суурьшиж амьдрах, газар тариалан эрхлэх, тэр байтугай өмнө хатуу хориотой байсан хятад, монгол иргэд ураг барилдаж гэрлэх, монгол газар хятад нэр хэрэглэх, хятад хэлийг албанд хэрэглэхийг хориглож байсныг цуцлах, зөвхөн Манжид хэрэглэж байсан есөн эрүү шүүлтийг монголчуудад тулгах зэрэг явдлыг дэмжиж, нэг ёсондоо Монголын газар нутгийг эрхэндээ оруулж байгалийн баялгийг цөлмөх, хүн амыг хятадчилж ураг удмыг устгах бодлого явуулж эхэлсэн байна.

Тиймээс нийт монголчууд энэ бодлогыг эсэргүүцэж, Манжийн төрөөс тусгаарлах арга зам хайхад хүргэсэн байна. Тухайлбал, Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт 1895, 1900 онд Хаант Орост хандаж Манжаас тусгаарлахыг дэмжихийг  хүссэн захидал, элчийг явуулж байсан бол 1900-гаад оны эхээр Өвөрмонголд Тогтох тайжийн тэргүүлсэн бодлого гарч, 1900 онд Улиастайн 2000 монгол цэргийн бослого, 1906, 1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарчээ.

1911 оны 10 дугаар сард Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу Түр Засгийн газрыг Түшээт хан Чагдаржаваар ахлуулан байгуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлах, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залах бэлтгэл хангах, цэрэг, зэр зэвсэг дайчлах, мөнгө санхүү босгох зэрэг ажлыг хариуцуулан ажилд нь оруулжээ.

Мөн Манжаас Хүрээнд сууж асан Сандо амбанг 12 дугаар сарын эхээр хөөж явуулж, хятад цэргүүдийн зэвсгийг хураав.

Манжийн төрийг түлхэн унагаж, оронд нь гарч ирсэн Дундад Иргэн Улс тусгаар тогтнолоо зарлахаас ердөө гуравхан хоногийн өмнө өрсөж, 1911 оны 12 сарын 29-нд монголчууд ийнхүү үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилжээ.

 

1911 оноос хойш Монгол Улс өөрийгөө бусдаар /олон улсад/ хүлээн зөвшөөрүүлэх адармаатай түүхтэй их аянд эргэлт буцалтгүй мордож, энэ зуураа 1915 оны Гурван улсын Хиагтын гэрээ, 1919 онд Монголын автономит эрхийг цуцалсан зэрэг ээдрээтэй цаг үе, бартаа саад бүхий замыг туулсан ч чухамхүү 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, нутаг орноо харийн түрэмгийллээс чөлөөлсөн нь өнөөдрийн эрх чөлөөт ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа дахин тунхагласан зэрэг олон үйл явдлын үндсэн тулгуур, бат суурь нь болж өгсөн юм.

Тиймээс өдгөө монголчууд 12 дугаар сарын 29-ний өдрийг тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаа дурсан санаж, өвөг дээдсийнхээ үйл хэрэгт хүндэтгэл үзүүлдэг баярын өдөр болгоод байна.

Montsame агентлагийн гэрэл зургаас иш татан ашиглав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.