Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр(※)-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.
Энэхүү төслөөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд лифт суурилуулах юм.
Тус сургуульд лифт суурилуулснаар сургуулийн давхар хооронд явахад бусдын туслалцаа шаарддаг байсан сурагчид өөрсдөө бие даан саадгүй зорчих, багш сурагч, ажилтнуудад хичээл сурлага, ажил хөдөлмөртөө илүү анхаарал хандуулах нөхцөл боломж бүрдэж, дүүрэг болоод бүсийн боловсролын чанар дээшлэхэд хувь нэмэр болох юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 609 дэх, Баянзүрх дүүрэгт хэрэгжих 24 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 89,535 ам.доллар юм.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Элчин сайдын яам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.