Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар яаралтай горимоор хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Сайтар судалсны үндсэн дээр улс төрийн намууд зөвшилцөж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан.Улс төрийн намын зөвшилцөж 126 гишүүнтэй шинэ их хурал, хамтарсан засгийн газрыг бүрдүүлж 14 мега төсөлд анхаарлаа хандуулж 100 хонож байна. Олон жил гацсан төслүүдийг ач холбогдлоор нь ангилж, дүн шинжилгээ хийж, намуудын үзэл бодол, мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж нэгдсэн ойлголттой болоход Засгийн газар дайчлан ажиллаж эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна.
Гацсан суурь шалтгаанууд
Дээрхийг улс төр, Засгийн газар даахгүй явсан. Мөн гишүүд, ажлын хэсгийн алба хаагчдын аюулгүй байдалд заналхийлж байсан баримт бий. Энэ мэт нөхцөл байдлыг даван гарч улс орныхоо хөгжлийг эхлүүлж чадсаныг дэлхийн түүх баталдаг, ард иргэд ч ийм хүлээлттэй байна.
Засгийн газар 100 хоногтоо багтааж өнгөрсөн сарын тавны өдөр Шанхай хотод, 14 мега төслийн нэг болох 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж 253 сая ам.долларын санхүүжилт шийдэгдэж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Мөн 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан төслүүд гацаанаас гарч эхэллээ. Бөөрөлжүүтийн станц ашиглалтад орж эхнийхээ галыг асааж чадлаа. Гал аван шийдсэн энэ шийдвэр өнөөдөр магадгүй хүнд ч ирээдүйд түүхэн шийдвэрийн нэг болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Дэмжсэн гишүүддээ талархлаа. Энэ шийдвэрийг холимог тогтолцоотой парламент, хамтарсан Засгийн газар л шийдэж чадна.
Гадаад өрүүдийн дарамт буурч, зээлжих зэрэглэл олон улсад сайжирлаа. Импорт дагаад нэмэгдлээ. Ихэнх хувийг нь автомашин бүрдүүлж байгаад дүгнэлт хиймээр байна. Тийм ч учраас ирэх 2025 оныг Засгийн газар “Нийслэлийн хөгжлийн дэмжих жил” болгон зарласан нь учиртай.
Ирээдүйн өв сан 4 их наяд, Хуримтлалын сан 490 тэрбум, Хөгжлийн сан 240 тэрбумын хөрөнгөтэй болжээ. Хууль хэрэгжээд найман сар өнгөрч буй гэхэд чамлахааргүй үзүүлэлт.
Уул уурхайн төслөөс Засгийн газрын эзэмших 34 хувь түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах зэрэг зохицуулалт нээгдэж байгаа.
Хуримтлалын сан гэхэд 2030 онд 18-20 их наяд төгрөгт хүрэх тооцоотой байна.
Гацсан төслүүдээ хөдөлгөхөөс өөр аргагүй. Шинэ төсөл ярих ёс зүйн эрх авахын тулд өнгөрсөн алдаагаа засах ёстой.
Энэ ч үүднээс Гашуунсухайт-Ганцмод хил холболтын бүтээн байгуулалтын төсөл, “Орано” групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тус тус өргөн барьж байна.
Ураны төслийн хувьд, Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийг давуу эрхийн 10 хувиар сольж, үлдсэн 24 хувийг АМНАТ-өөр тооцно. Ингэх нь иргэнд илүү ашигтай гэдгээрээ онцлогтой.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрнэ. 14 жилийн өмнө хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр огт өөр сэдэв ярих байлаа. Хэсэг хүний биш нийтийн эрх ашгийн төлөө үүнийг хиймээр байна. Соёрхон баталсан тохиолдолд ЗГ ирэх хавар бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн байна.
16 жилийн өмнө энэ төслийг хэрэгжүүлж чадсан бол утаа, түгжрэлээс өөр асуудлыг ярих байлаа. Засгийн газрын зүгээс ирэх хавраас энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн байгаа гэв.
70 орчим жилийн дараа БНХАУ-тай хилийн хоёр дахь боомт төмөр замаар холбогдоно гэсэн үг. Бусад боомтууд ч холбогдох боломж бүрдэнэ. Нэг хүнд ноогдох ДНБ 2028 он гэхэд 10 мянган ам.долларт хүргэх үндсэн шийдэл нь энэ болох юм.
Цаг хугацааны цаглаврын хувьд энэ асуудалд 2003 оноос хойш санал солилцсон. 2008 оноос албан ёсоор яригдсан. Нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээр хоёр талд хийгджээ. ҮАБЗ хоёр зөвлөмж, УИХ таван удаагийн тогтоол, ЗГ 45 удаагийн тогтоол гаргаж, төмөр зам барих зөвшөөрлийг 5 удаа олгож 4 удаа цуцалж байжээ.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд үүссэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.