УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас дараах мэдээллийг авлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Энэ ажил маш удаан хугацаанд гацсан. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хил дамнасан төмөр замыг холбох асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрээд явж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцээрийг хэрхэн хийхийг УИХ-аас тогтоол гаргаж, чиглэл өгөх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-аас чиглэл батлагдсаны дараа хоёр улсын Засгийн газар хэлэлцээрт орно.
Үүний дараа компаниудын хороонд гэрээний асуудал яригдана. Үндсэн гурван асуудал бий. Тэр юу вэ гэхээр төмөр замын хил холболтын асуудал, урт хугацаанд нүүрс худалдах, худалдан авах гэрээний асуудал, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ийм гурван асуудал бий.
Хоёр улсын ажлын хэсэг 60 удаа хуралдсан. Гурван асуудлыг цогцоор нь шийднэ гэж байгаа. Түүнээс дан дангаар нь ярьж, гэрээг зурна гэж байхгүй.
Нүүрс худалдах, худалдан авах гэрээний хувьд харилцан хоёр тал саналаа тавиад явж байна. Нүүрсээ бэлэн мөнгөөр борлуулна. “Эрдэнэс тавантолгой” компаниас авч буй жишиг үнээр авах саналаа БНХАУ-ын талаас тавьж байгаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрт Хятадын талаас царигийн маргаантай асуудлыг дахиж хөндөхгүй гэж буулт хийсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.