Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2024.12.25/ хуралдаж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамж болон бусад бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулж, хот төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгажээ.
Монгол орны төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн онцлогийг тээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг тээврийн хэрэгслийн шийдэл бүхий иргэндээ ээлтэй хотыг байгуулахын тулд бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг дэмжихтэй холбоотой эрх зүйн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 38 зүйлтэй бөгөөд бүс нутгийн хөгжлийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үндсэн зорилго нь оршиж буй.
Засгийн газар оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, шинжлэх ухаан, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс нутагт шинээр бий болгосноор хүн амын хэт төвлөрлийг бууруулахаас гадна дотоод, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой гэж үзжээ.
Хуулийн төслийг D.Parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа аж.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар байнгын хорооны гишүүд дунд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.