Олон жилийн хугацаанд гацсан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл удахгүй хөдлөх гэж байна. Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтайгаар өргөн барихаар болжээ.
Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбосны дараа Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтыг холбох юм. Ингэснээр манай улс 100 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэх юм. Өнгөрсөн хугацаанд манай улс 4-5 тэрбум ам.долларын эдийн засгийн боломжоо алдсан гэх тооцооллыг салбар яамнаас гаргажээ. Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллараас давуулах зорилго тавьсан Засгийн газрын хувьд түлхэц болох төсөл гэж харж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай гэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж байна.
Хоёр улсын хил дамнасан боомтуудын бүтээн байгуулалтын ажлууд хугацаа алдаж сунжирсан байдалтай байгаа. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, олон улсын гэрээг байгуулах замаар энэ асуудлаа шийдвэрлэе гэж байгаа. Энэ шийдвэрийг гүйцэтгэхийн тулд УИХ-аас чиглэл авах ёстой байдаг. Ингээд тогтоолын төслийг яаралтай горимоор өргөн барьж байна.
Тогтоол батлагдсаны дараа хоёр улсын Засгийн газрын хэлэлцээртээ орно. Ингээд хэлэлцээрийн дараа УИХ-аар соёрхон батлагдаад хүчин төгөлдөр болно.
Хоёр талын ажлын хэсгүүд хуралдаж, асуудлаа хэлэлцсээр байгаа. Үүний дараа хоёр улсын төрийн өмчийн компани буюу Эрдэнэс тавантолгой, Чайна энержи компаниуд хоорондоо гуравласан гэрээг байгуулж, энэ үйл ажиллагаа эхэлнэ гэж хэлж болно.
Хил холболтын асуудал 2003 оноос эхлэн яригдаж эхэлсэн байдаг. 2014 оны Монгол Улс, БНХАУ хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл дотор хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тусгагдсан ч өнөөдрийг хүртэл гацсан.
Энэ хил холболт ашиглалтад орсноор манай улсын нүүрсний экспорт нэмэгдэнэ. Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбосны дараа Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтыг холбохоор байгаа гэж БНХАУ-ын талаас мэдэгдэж байгаа. Энэ боомт ашиглалтад орсноор нийтдээ манай улс 100 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэх юм. Өнгөрсөн хугацаанд манай улс 4-5 тэрбум ам.долларын эдийн засгийн боломжоо алдсан.
Бид өнөөдрийн хурлаар зөвхөн чиглэл авлаа. Үүний дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон батална. Дараа нь хоёр компанитай гурван талт гэрээ байгуулах ба төмөр замын холболт, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван гэрээг байгуулна, мэдээж үе шаттай явна. Тиймээс гэрээг байгуулахад талууд тохиролцдог. Тэгэхээр БНХАУ-ын талаас тавьж буй саналыг бүх гишүүдэд, хэвлэл мэдээллээр танилцуулсан. Үүнийг тохиролцоо биш Хятадын талын санал гэж харах хэрэгтэй. Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллараас давуулах зорилго тавьсан Засгийн газрын хувьд түлхэц болох төсөл гэж харж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.