УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг дэмжиж, тус сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулаад байна. УИХ-ын гишүүн, Утааны хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнгийн байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Утааны хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр хуралдаад, өнөөдөр товыг тогтох асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хэлэлцэж байна. Ирэх оны хоёрдугаар сарын 3, 4-ний буюу даваа, мягмар гаргийг товлоод байна. Товыг байнгын хороогоор хэлэлцэнэ.
Олон нийтээс асуулт, санал авна. Зохион байгуулах хүрээнд сонсголд оролцох иргэд, аж ахуй нэгж болон хэвлэл мэдээллийн байгууллагыг ч оролцуулах бүртгэлийн ажил явна. Мэдээлэл цуглуулна. Аль болох далд байгаа мэдээллийг л ил болгоно гэсэн үг шүү дээ. Та бүгдийн мэдэхгүй байгаа мэдээллийг ил болгохын төлөө ажиллана. Сонсголын хүрээнд өмнө нь хэлэлцүүлгүүд зохион байгуулна. Тэгэхээр ажлын хэсэг нэлээн шахуу ажиллах товтой байна. Олон сэдэв байгаа учраас өмнө хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай. Ажлын хэсэг нийтийн сонсголын өмнө тусгайлсан дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна гэж төлөвлөж байгаа.
Үе үеийн нийслэлийн засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авна. Зарцуулсан төсөв хэр үр дүнтэй байсан эсэхийг нэг сэдэв болгон хэлэлцүүлэг хийнэ.
Ковидын үед буюу 2019, 2020 оны үед агаарын бохирдол буурсан. Агаар ямар сайхан болчихов гээд хөшиг татсан юм шиг болж байсан шүү дээ. Тэр үеийн агаарын чанарын бүртгэл мэдээллийг харъя. Бидний уушги худлаа хэлэхгүй. Сайн болж чадсан зүйлээсээ яагаад ухрав гэдэг нь сонин байна шүү дээ. Бид хөндлөнгийн судалгаа хийлгэхээр олон улсын байгууллагад хандаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.