Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "П.Сайнзоригийн хуулиас илүү хортой хууль өргөн барих гэж байна” гэж мушгин гуйвуулсан гэж мэдэгдсэн.
Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодруулга авлаа.
Тэрбээр, Хоёр янзын хууль өргөн барьсан. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын зургаан гишүүний өргөн барьсан гадаадаас оруулж ирэх ажиллах хүчийг квотгүй болгох. Нөгөөх нь Засгийн газар буюу ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалангийн өргөн барьсан хууль. Эхнийх нь хуулиа татсан бол сүүлийнх нь татагдаагүй байна.
П.Сайнзориг нарын хууль бол ашигт малтмал, газрын тосны салбарт гадаадын ажиллах хүч оруулна гэсэн агуулгатай. Сүүлийн хувилбар бол гурван тохиолдолд газрын тос, ашигт малтмалын салбарт гадаадаас ажиллах хүч оруулж ирнэ гэсэн агуулгатай.
Засгийн газар хоорондын хэлэлцээр, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт гэсэн гурван тохиолдолд гадаадаас ажиллах хүч оруулж ирээд ажлын байрны татвараас чөлөөлөх юм байна. Манай улсад хамгийн өндөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 50 тэрбум төгрөг орж байсан. Одоо 30 орчим тэрбум төгрөг л ордог. Энэ мөнгийг ажлын байр нэмэх, хөдөлмөр сургалтад зарцуулдаг байсан. Энэ хууль батлагдвал дээрх мөнгө байхгүй болох тул ажлын байр нэмж чадахгүй. Мөн хятадаас авах бүх том төсөл дээр хятад ажилчид орж ирнэ. Манай улсад хэрэгжиж байгаа хуулиар одоо 35 000 ажилчин орж ирэх боломжтой байгаа бол энэ дээр нэмэгдэх нь.
Энэ үзэл санаа нь сул байгаа 285 мянган ажлын байрандаа гадаадаас ажиллах хүч авах агуулга юм. Гэтэл монгол улсаас гарч гадаадад ажиллаж байгаа 300 мянга орчим иргэн байна. Тэд яагаад эх орондоо ирээд тэдний оронд ирж ажиллаж болохгүй гэж. Цалин бага байгаа нь татвар өндөртэй холбоотой. Тогтвортой ажлын байраар хангах боломж том компаниудад байдаггүй. Татвар, шалгалт, улс төржилтөөс болж компаниудыг байнга дарамталдаг тул тэд тогтвортой ажиллаж чадахгүй байна шүү дээ.
Нарийн мэргэжлийн боловсон хүчин монголд байхгүй байна гэх юм. Гэтэл манай нарийн мэргэжилтэй мундаг залуус гадаадад ажиллаж байгаа шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.