УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцээртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Энэ төсөл нь 1.5 тэрбум еврогийн өртөгтэй төсөл байна. Үүний 85 хувийг ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлнэ. ОХУ-ын зээлийг бид бүхэн авах гэж байгаа юм байна. Нэгэнт ийм илүү өртөгтэй станц барих гэж байгаа юм чинь Эгийн голын усан цахилгаан станцтай уяж холбож болоогүй юм уу? Хоёрдугаарт, зээлийн хэлэлцээрийг уншаад үзэхээр бүх тоног төхөөрөмжөө ОХУ-аас авна гэж заажээ. Орчин үеийн технологи нь байгаа гэдгийг судалж үзсэн үү?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-2022 оны есдүгээр сард 1 тэрбум 326 сая еврогоор баръя гэсэн санал ирүүлсэн. Бид ийм өндөр үнээр бариулж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгвэл ажлын зураг төсвөө хийчихээд үнийг нь тохиръё гэдэг санал ОХУ-ын зүгээс тавьж байгаа. Бидний хувд 814 сая ам.доллараас илүү өртгөөр бариулж чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас Эгийн голын усан цахилгаан станцтай ямар нэг байдлаар холбохгүй байгаа.
Экспортын зээл нь хүү, хугацаа дээрээ татаастай байдаг учраас тухайн улсын өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдэг нөхцөлийг тавьдаг. Энэ удаад зөвхөн зураг төсвийг боловсруулах тухай асуудал орж ирж байгаа. Үүний дараа үнэ тохирвол барилга угсралтын ажил, гэрээ байгуулах тухай ярина.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Хэрвээ зураг төсвийн шатандаа явж байгаа бол нэг санал байна. Монгол Улс төвлөрсөн системээсээ хэсэгчилсэн систем рүү шилжье гэж байгаа. Жижиг станцууд руу шилье гэж байгаа. Энэ чиглэл рүү энэ төслийг шилжүүлэх боломж байгаа юу?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-ТЭЦ 3 Улаанбаатар хотын дулаан хангамжийн хамгийн стратегийн байрлалд байгаа. Төмөр замын дэд бүтэцтэй, усны асуудал шийдэгдсэн ганц байрлал учраас ТЭЦ3 дээр зайлшгүй барихаас өөр аргагүй. Таны хэлээд байгаа тархмал эх үүсвэрийг барина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.