Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг нэгдүгээр сардаа багтаан хийж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын ажлын хэсэг хуралдаад хийх ажлын төлөвлөгөө, цагалбараа гаргах ёстой. Ирэх нэгдүгээр 15-наас намрын чуулган завсарлах гэж байна. Ингээд хаврын чуулган эхлэхээр утааны улирал өнгөрчих гээд байна. Иймд утааны сонсголыг яаралтай хийх ёстой. Миний хувьд үр дүнтэй байгаасай гэж хүсэж байна. Өмнөх нийтийн, хяналтын сонсголууд зүгээр л сенсааци байсан. Бидэнд одоо сенсааци хэрэггүй. Хангалттай. Хариуцлага тооцдоггүй. Утаанаас болж нас барсан иргэд, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг ярих ёстой. Нэмээд технологийн алдаа, бизнесийн ашиг олсон хүмүүст эрүүгийн хариуцлага тооцох ёстой. Шоу хиймээргүй байна.
Утааны сонсголыг даргалах хүсэлтээ илэрхийлсэн. Гэхдээ Ж.Чинбүрэн гишүүн сонгогдсон. Эрдэмтэн, эмч хүн учраас түүнд итгэж байгаа.
28 тэрбум төгрөгөөр 32 мянган зуух шинэчилнэ гэдэг нь дахиад л үр ашиггүй мөнгө гаргаж байгаа ажил. Бид яндан хөөлсөн, галаа яаж түлэхийг заасан, "Өлзий" зуух өгсөн. Утаа хэмжигч өгсөн, шуудайны стандарт баталсан. Одоо тэгээд дахиад зуухаа солих юм уу? Эсвэл галын хайчаа сольж үзэх юм уу? Гал түлж байгаа эхнэрүүдээ сольж үзэх үү? Ийм зүйл ярьж болохгүй шүү дээ.
Тухайн түлшний технологийн алдаа л байгаа. Өөр зүйл байхгүй. Тавантолгойн ХК-ийн түлш нь болохгүй байгаа юм. Тийм учраас Багануурын нүүрс хэрэглэе гэж байгаа. Тэгвэл таван жилийн хугацаанд нийслэлийн иргэдээ утсан энэ хэргийн буруутныг нь олж, хариуцлага тооцмоор байна.
Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн ковидын үед ч утаа буураагүй шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.