Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганц мод хил холболтын төмөр зам болон, Бадрах энержи ХК-тай хийх хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн 16 жилийн турш улс төржсөн хамгийн том сэдэв ирэх долоо хоногт УИХ-аар орох гэж байна. Том төслүүд хөдөлж эхлэхэд хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг этгээдийн эрх ашиг зөрчигдөх явдал байдаг. Эдгээрийг нээлттэй УИХ-аар ярина. Иргэд маань энэ асуудлыг сайн ажиглаж хараасай гэж хүсэж байна" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Олон асуудлын зангилаа нь эрчим хүчний асуудал байгаа. Иймд бид эрчим хүчний асуудлаа бүх талаар нь дэмжих тал дээр 14 мега төслийн 50 хувь дэд бүтцийн бүтээн байгуулалт байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн бас нэг асуудал нь 16 жилийн турш гацаад байсан Гашуунсухайт Ганц мод хил холболтын төмөр замын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.
Гашуунсухайт Ганц мод хил холболтын төмөр замын хэлэлцээр яагаад 16 жил гацсан бэ гэдэг асуудлыг түүхэн логик дарааллаар нь авч үзвэл сонирхолтой асуудал гарч ирнэ. УИХ-д нээлттэй ярилцахаар маш олон асуудал гарч ирнэ.
Өнгөрсөн хугацаанд болж байсан олон асуудлын өрнөл ч үүнтэй холбоотой. Тийм учраас гуравдагч этгээдээр зуучлуулахгүй Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газартай олон улсын хэлэлцээр зохион байгуулах ажил руугаа орж байгаа. Ингэснээрээ өмнөх хэлэлцээрүүд хүчингүй болж байгаа. Дунд нь зуучлагч байдлаар оролцож байсан хоёр, гурван компанийг гаргана. Мөн нүүрс тээврийн 60 гаруй компанийн эрх ашиг зөрчигдөнө. Өнгөрсөн 16 жилийн турш улс төржсөн хамгийн том сэдэв УИХ-аар орох гэж байна.
Шударга ёсны жингийн цуваа зогсолтгүй явсаар байна. Цаашид ч огт зогсохгүй яваар байх болно гэдгийг нэмж хэлмээр байна. Иргэд маань энэ асуудлыг сайн ажиглаж хараасай, асуудлыг нөлөөтэй толины тусгалгүйгээр гол асуудлыг харахыг хүсэж байна.
Дараагийн асуудал болох Бадрах энерги ХК-ийн хөрөнгө оруулалтын төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Энэ нь Оюутолгойгоос хойших хөрөнгө оруулалтын хоёр дахь гэрээ байгаа.
Бидний хувьд улсын төсөв батлагдахыг зайлшгүй хүлээх шаардлагатай байсан. Үүний дараа Үндэсний баялгийн сантай холбоотой асуудлын шийдвэрийг гаргасны дараа 34 хувь байх уу? Эсвэл 10 хувь байгаад 34 хувь хүртэлхийг АМНАТ-аар орлуулах уу гэдэг шийдвэрийг гаргах шаардлагатай. "Бадрах энержи"-гийн хувьд Засгийн газар 10 хувь нь алтан хувьцаа байна. Өөрөөр хэлбэл, Монголын тал ямар нэг хариуцлага хүлээхгүй. 34 хувь хүртэлх нь хувийн 24 нь хуримтлалын санд иргэдийн хадгаламж хэлбэрээр очиход АМНАТ тооцох байдлаар явагдана гэж байгаа.
Хэрвээ энэ гэрээ хэлцлийг хийсэн тохиолдолд цаашдын олон төслүүдийн хэлцлүүд үргэлжилнэ гэсэн үг. Хувийн хэвшил дээр байгаа ордуудын 34 хувь болон АМНАТ тооцох асуудал иргэдийн хуримтлалын данс руу төвлөрөх учраас иргэн бүхэн том төслүүдээ дэмждэг байх ийм уур амьсгал үүснэ. Нөгөө талаараа баялаг шууд эзэндээ очих, баялагтаа эзэн Монгол жинхэнэ утгаараа хэрэгжинэ.
Засгийн газар том төслүүдээ хөдөлгөх алхмаа сайн хийж чадлаа. Эхний нэг жилд 14 төслийн дөрвөн төслийг хөдөлгөж чадлаа. Цаашдын арван төслөө ч нэг бүрчлэн хөдөлгөнө. Том төслүүд хөдөлж эхлэхэд хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг этгээдийн эрх ашиг зөрчигдөх явдал байдаг. Эдгээрийг нээлттэй УИХ-аар ярина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.