ШААРДЛАГА
Монгол Улс Үндсэн хуульдаа иргэний үзэл бодолтой байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг үндсэн эрх хэмээн үзэж, төрөөс баталгаатай эдлүүлэхээр тунхагласан төдийгүй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хамгаалан түүнд төрөөс ямарваа хэлбэрээр цензур тогтоохыг хориглосон нь хүчин төгөлдөр буйг нийтийн өмнөөс томилогдсон албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон улстөрчдөд дахин сануулж, хууль ёсыг мөрдөн ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээн дор зарчимтай ажиллахыг шаардаж байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын утааг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад агуулгын хяналт тогтоон хариулах, эс хариулахаа өөрийн үзэмжээр шийдэн илтэд зүй бус хандсан нь юуны өмнө олон нийтийн мэдээлэл хүлээн авах эрхийн төлөөх сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, эрх ашигт бүдүүлгээр халдсан явдал төдийгүй Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь оршин суудаг, улс төр, нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухааны төв болох нийслэл хотын иргэдийн эрүүл, амьд явах эрхийг ноцтой эрсдэлд оруулж буй утааны гамшгийн эсрэг татвар төлөгчдийн мөнгөөр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлсэн, цаашид хэрхэх талаар олон нийт, иргэдэд үнэн зөв мэдээлэл, бүрэн бүтэн хариулт өгөх албан тушаалтны үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан бүдүүлэг, балмад үйлдэл хэмээн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үзэж байна.
Х.Нямбаатарын хэвлэл мэдээлийн хараат бус бие даасан байдалд халдсан, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан эл үйлдэл нь удаа дараа давтагдаж, тэдгээр тохиолдол бүрд МСНЭ нь мэдэгдэл, шаардлага хүргүүлсээр ирснийг дахин сануулж, сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардаж байна.
Шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй аваас хэвлэн нийтлэх болон эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу эсэргүүцлийн дараагийн алхмыг хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.