СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагчийн хэрэг шүүхэд гацав

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 хоногийн өмнө

Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалт авлигын үүр уурхай, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болж, ашиглалтад бүрэн гүйцэд орж чадахгүй удаж, бүрэн гүйцэд хүлээж авч чадалгүй хугацаа алдсан. Эл чиглэлийн авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор ЗТХЯ-ны албан тушаалтнуудаас авахуулаад олон хүн авлигын хэрэгт шалгуулан зарим нь ял шийтгүүлчихээд буй билээ.

Тэгвэл эл замтай холбоотой нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн ч шийдвэрлэж чадахгүй удаа дараа хойшлуулж байна. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл” бол уг чиглэлийн авто замтай салшгүй холбоотой. Энэ төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Н.Мөнхбаясгалан өөртөө болон хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүнийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2021 оны аравдугаар сард дээрх төслийн зохицуулагчаар томилсон байдаг. Уг төслийн нэгжийнхэн Дарханы замын бүтээн байгуулалтыг хийж буй компаниудын ажлын тайланг хянаж, нэгтгээд ЗТХЯ-нд хүргүүлдэг, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнаас орж ирсэн санхүүжилтийг гүйцэтгэгч компаниуд руу шилжүүлэх ажлыг хариуцдаг. Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Д.Нанзаддоржийн хүү Н.Мөнхбаясгаланг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна.

Түүнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг нэг бус удаа товлосон боловч тухай бүр нь хойшлуулсаар ирэв. Хамгийн сүүлд энэ сарын 4-нд товлосон байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас хойшлуулж, өнөөдөр 14.30 цагт хэлэлцэхээр болоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.