Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн өнөөдөр (2024.12.17) Төрийн ордонд болж байна.
Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үг хэлэв. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг тэмдэглэв.
ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа талаарх тоон мэдээллийг дурдаад хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь улс орны хөгжилд нөлөө үзүүлдэг болохыг дурдав. Монгол хүний дундаж наслалт 71.5 байгаа ч эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр богино байгаа гэлээ. Зан байдал, зуршил нь сэтгэл зүй, сэтгэцийн улмаар бие мах бодийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг тэрбээр дурдаад монгол хүн бүр хорт зуршлаас ангид байж, эрүүл мэнддээ анхаарах нь өрхийн төдийгүй улс орны хөгжилд үнэ цэнтэй гэв. Монгол Улс дахь ерөнхий боловсролын сургуулиудын 20 хүрэхгүй хувь нь сэтгэл зүйчтэй байгаа гэдэг тоо баримтыг энэ үеэр дурдаад өсвөр насны хүүхдүүд, залуучуудын сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал бөгөөд өнөөдрийн зөвлөгөөнөөс ажил хэрэгч, үнэ цэнтэй санал санаачилга гарна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.
2013 оны Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 1984-1992 онтой харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин нэмэгдсэн байна. Үүний дунд сэтгэл түгшилт 18 хувьтай, архаг ядаргаа 16 хувь, нойргүйдэл 17 хувь байгаа аж.
Улсын Их Хурлын зүгээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хэлсэн. Түүнчлэн мэдрэл, сэтгэцийн эмгэгийг оношлох асуумж, судалгааг тодорхой давтамжтай хийж, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх цаашдын бодлогыг тодорхойлоход талууд анхаарах хэрэгтэй талаар дурдаж байв.
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл танилцуулсан. Тэрбээр “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн талаар товч танилцуулаад хувь хүний сэтгэл зүйн тогтворгүй байдлаас үүдэн үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөө, үр дагаварыг дурдсан. Өрхийн орлого нь нийгмийн сэтгэл зүйн нөхцөл байдалтай уялдаатай байдгийг тоо баримтад үндэслэн тайлбарлаад, өрхийн зарлага орлогоосоо тодорхой хувиар, тогтмол их байгаагийн нөлөөгөөр гэмт хэрэг нэмэгдэж, гэр бүл салалтад нөлөөлж байгаа гэв. Иймд иргэн бүр гэмт хэргийн хохирогч болох эрсдэл дунд аж төрж байгааг дурдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өвчлөлийн дарамтыг үнэлсэн 2019 оны судалгааны дүнг танилцуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн амиа хорлолт, депресс, архины хэрэглээ сүүлийн жилүүдэд өссөн, үүнээс үүдсэн үр дагаварыг тайлбарлав. Эмэгтэйчүүдийн хувьд дээрх үзүүлэлт өөр үр дүнтэй байгааг судалгаанд дурджээ. Сэтгэл гутралын түвшнээр манай улс олон улсын дундажаас дээгүүр, амиа хорлолтын талаарх тоогоороо бүс нутаг, олон улсын дундажаас мөн өндөр байгааг танилцуулсан. Дийлэнх улс оронд өндөр настнуудын амиа хорлолт их байдаг атал манай улсын хувьд залуучуудын амиа хорлолт өндөр байдаг нь нийтээр анхаарах, олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарсны илэрхийлэл гэлээ. Иймд салбар хоорондын уялдааг хангаж, тогтолцоо бүрдүүлэн, цогцоор арга хэмжээ авах шаардлагатай гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр олон улсын түвшинд нийтлэгээр, үр дүнтэй хэмээн хэрэгжүүлдэг зургаан хөтөлбөрийн талаар нэгбүрчлэн танилцуулаад үүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай хэмээсэн.
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг, түүний хэрэгжилт”, "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүн”, “Монголын 15-34 насны залуучуудын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд" сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.