Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн технологийн тээврийн автомашины засварын хэсэгт хүнд даацын өөрөө буулгагч “Komatsu HD 1500-8” загварын автомашинуудыг ашиглалтад хүлээн авав.
Ашиглалтад хүлээн авсан Япон Улсын “Комацу” фирмийн өөрөө буулгагч машин нь уулын ажлын бүтээл өндөртэй, ашиглалтын зардал багатай юм. Түүнчлэн операторын тав тух, аюулгүй байдлыг хангасан, эргэн тойрноо бүрэн харах камер болон радартай, тоног төхөөрөмжийн даац, техникийн бусад мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулдаг мэдээллийн технологи бүхий орчин үеийн техник юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон:
-Манай үйлдвэр 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жилээс жилд уурхай гүнзгийрэхийн хэрээр үүнийг дагаад уулын цул тээвэрлэлтийн зай холдож байна. Үндсэндээ олборлолтын өртөг нэмэгдэж байна гэсэн үг. Эдгээр хүнд даацын машин дизель түлшээр ажилладаг. Ирээдүйд ашиглах хүдэр олборлолтын зардал өсөж байна. Хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгдэж, тээвэрлэлтийн зай уртсаж байна. Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын гол зорилго нь бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах явдал юм.
Иймээс нэн түрүүний шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хэд хэдэн ажлыг үйлдвэрийнхээ төрсөн өдрөөр бэлэг барьж байна. Энэ хүрээнд Япон Улсын “Комацу” фирмийн 142 тонны даацтай автомашинуудыг Төрийн болон Орон нутгийн өмчийн бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж авсан. Анхны машин энэ оны наймдугаар сард ирж “Трансвест Монголиа” компанийн мэргэжилтнүүд үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олонтой угсарч эхэлсэн.
Тэгвэл 12-р сарын 6-нд 10 дахь машинаа угсарлаа. Есдүгээр сараас эхний машинууд ажилласнаас хойш ажлын байрны зураг авалт хийж үзсэн. Өмнө ашиглаж байсан хүнд даацын автомашинуудтай харьцуулахад ажлын бүтээмж 9,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нөгөө талаас уулын тээвэрлэлтийн өөрийн өртөг ойролцоогоор 5,4 хувиар буурах давуу тал бий болсон. Тэгэхээр бүтээмж өсгөх, зардал бууруулах 10 техникийг үйлдвэртээ авч байгаад сэтгэгдэл өндөр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.