Эрдэнэт үйлдвэр Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авлаа.
Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал өсөхийн хэрээр уулын ажил нэмэгдэж байна. Тухайлбал, 1979 онд 4.2 сая м3 уулын цул гаргаж байсан бол өдгөө зөвхөн нэг сард 2.6 сая гаруй м3, жилдээ 31 сая м3 уулын цул гаргаж байна.
Хөрс болон хүдрийн биетийг буталж, бэлтгэхийн тулд тэсэлгээний ажил хийдэг. 1993 онд Монголд анх удаа Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг Эрдэнэтэд барьсан түүхтэй. 13 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн барилга байгууламжууд хэт хуучирснаас аюулгүй ажиллагаа талаасаа эрсдэл дагуулах болсон төдийгүй техник, технологийн хувьд ч зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарчээ.
Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр хүдрийн нөөцөө Жорк стандартаар шинэчлэн тодорхойлоход цаашид 55 жил ажиллах нь баталгаажсан. Мөн Оюут зэрэг ордод хийж буй нарийвчилсан хайгуулын урьдчилсан дүгнэлтээр нөөц нэмэгдэх бодит боломж байгаа зэргийг үндэслэн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барихаар үйлдвэрийн удирдлагууд шийдвэрлэснийг нээлтийн үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулсан юм.
Ашиглалтад хүлээн авч буй шинэ үйлдвэр жилд 15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат ажиллагаатай бөгөөд хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 17 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх боломжтой юм.
Тус үйлдвэрлэлийн технологийн шугамд суурилуулсан үндсэн тоног төхөөрөмжүүд нь дэлхийд нэр хүндтэй netzsch, siemens зэрэг брэндийнх байгаа нь чанартай тэсрэх бодис үйлдвэрлэх боломжийг урт хугацаанд хангана гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.