Шүүхийн сахилгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь шүүхүүдийн шүүгч нартай холбоотой ёс зүйгээ зөрчсөн, эсэх мэдээллийг шийдвэрлэлээ.
Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Бат-Амгалан, Б.Гэршихбөртэ, Н.Идэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул нарыг ёс зүйгээ зөрчсөн, хэргийн оролцогчтой ойр дотно харилцсан гэх мэдээлэл нэг бус хүн Сахилгын хороонд ирүүлсэн аж. Үүний дагуу Сахилгын хорооны гишүүд нотлох ажиллагаа явуулж, улмаар хуралдаанаар хэлэлцүүлээд Г.Гэрэлт-Од, Я.Туул нарыг огцруулах шийтгэл оноож, нөгөө гурвынх нь үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, уг хоёр шүүгчийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзээд тус хуулийн 56.1-5 дахь хэсэгт заасан шийтгэлийг оноосон байна.
Бидний авсан мэдээллээр Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгч нарын ёс зүйгүй гэх үйлдэл нь “Ковид-19”-ийн цар тахлын хөл хорионы үед хэд хэдэн шүүгч хязгаарлалтын дэглэм зөрчин хэл аманд орж байснаас ч илүү ноцтой учраас огцруулах шийтгэл оноосон гэх. Сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нар хороонд болон Дээд шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй аж.
Тэднээс гадна Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Жавхлантөгсийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд буй гэнэ. Түүнийг шүүгч болохоосоо өмнө прокуророор ажиллаж байхдаа нэг бус прокурортой хамтран эрүүгийн хэргийг будилаантуулсан гэх үйлдэлд яллагдагчаар татсантай холбоотойгоор ажлаас нь түдгэлзүүлэх санал Сахилгын хороонд гаргасныг хүлээн авч Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бузөрууд юмаа нээрээ