Чулуун хөвөн үйлдвэрлэгч “Монголбазальт” ХК-ийн үйлдвэрт ажилтан нь осолдож, ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан юм. Талбайн инженерээр ажиллаж байсан Д.Э тус үйлдвэрт засвар хийж байхдаа дээврийн агааржуулалтын нээлхийгээр унаж, хүнд гэмтэн эмнэлэгт сар гаруйн хугацаанд эмчлүүлж байгаад нас нөгчсөн.
Уг хэрэгт холбогдуулж “Монголбазальт” ХК-ийн ерөнхий менежер Д.Сайнбаатар, ерөнхий инженер П.Баасан-Очир, хөдөлмөрийн аюулгүй байдал, авто хариуцсан хяналтын инженер Б.Ганзориг нарыг яллагдагчаар татан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эл хэргийн шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэдний гомдлыг шүүх хэлэлцээд Д.Сайнбаатар, П.Баасан-Очир нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгав. Харин Б.Ганзоригт оноосон ялыг багасгаж, нэг жил зургаан сарын хугацаанд зорчих эрхийг нь хасахаар болжээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас дээрх гурван хүнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг үйл ажиллагаандаа мөрдүүлж, хяналт тавиагүй, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажилтан нь осолдож, нас барсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүй хохироосон” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд хэлэлцэн “Монголбазальт” ХК-ийн чулуун хөвөнгийн үйлдвэрийн барилгын дээвэрт онгорхой нээлхий байгаа гэдгийг шүүгдэгч Д.Сайнбаатар, П.Баасан-Очир, Б.Ганзориг нар мэдэж байсан бөгөөд ойр орчимд нь хаалт, эсхүл анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавилгүй орхисон, ийм эрсдэлтэй ажлын орчин байгааг мэдсээр байж хохирогчид хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөлгүй талбайд гаргасан, тэнд ажиллаж буй хүн бүрд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн, эсэхийг бүрэн нягталж шалгалгүй орхисны улмаас хохирогч Д.Э унаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан хохирол, уг гэмтлийн улмаас нас барж, хүний амийг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцсон. Улмаар “Монголбазальт” ХК-ийн энэ албан тушаалтнуудыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг гурван жилийн хугацаанд хориглож, зорчих эрх хязгаарлах ял шийтгээд байсан юм.
Харин иргэний хариуцагчаар татагдсан “Монголбазальт” ХК-ийн удирдлага хохирогч Д.Э-гийн ар гэрийнхэнд 160.8 сая төгрөг төлсөн, талийгаачийн хүүхдүүдийн 18 нас хүртэлх сургалтын төлбөрт 30 сая төгрөг төлүүлэхээр шүүх шийдвэрлээд байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.