СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Татварын байцаагчид хахууль өгсөн “Шинжиан шинфа”-гийн захирлын хэргийг Дээд шүүх хэлэлцсэнгүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” компанийг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч Сүн Гуан Чен болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Энхжаргал нарт холбогдох хэргийг хятад иргэний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Дээд шүүх хяналаа. Улмаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнгөрсөн аравдугаар сарын 16-ны 1155 дугаартай магадлал хүчин төгөлдөр болж, тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин шийдвэрлэх нь.

“Шинжиан шинфа” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд татварын байгууллагаас хяналт шалгалт хийхэд 3.8 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, тайландаа тусгаагүй нь тодорхой болсон байдаг. Гэвч тус компанийг үүсгэн байгуулагч Сүн Гуан Чен хяналт шалгалт явуулсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларын хахууль өгч, зөрчлийн дүнг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгосон хэрэгт холбогдсон юм. Уг хэргийг өнгөрсөн долоодугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Сүн Гуан Ченд 14 сая төгрөгөөр торгох ял оноосон бол татварын байцаагчийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорихоор шийтгэх тогтоол гаргасан. Уг тогтоол хуульд нийцээгүй, хахууль өгөгчид оноосон ял хөнгөдсөн гэж үзэн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн билээ.

“Шинжиан шинфа” компанийг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч Сүн Гуан Чений хувьд бусдад хахууль өгсөн хоёр дахь хэрэгтээ ял шийтгүүлээд буй нь энэ. Өмнө нь Төрийн банкны удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүст хахууль өгсөн хэрэгтээ ял эдэлж байв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.