СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-10

Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил сэдвийн хүрээнд хот байгуулалтын форум зохион байгуулна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон НҮБ-ХАБИТАТ, ДЭМБ хамтран энэ сарын 12-ны өдөр “Туушин” зочид буудалд “Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" сэдвийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг хийнэ. 

Монгол Улсын нийт хүн амын 69 хувь нь хотод амьдарч байгаагаас зөвхөн Улаанбаатарт нийт хүн амын 48.9 хувь нь буюу 1.7 сая хүн амьдарч байна. Мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их сургуулийн 96 хувь нь төвлөрч, ДНБ-ий 63 хувийг үйлдвэрлэж байгаа нь хот, хөдөөгийн хөгжлийн хэт ялгаатай нөхцөлийг бий болгож төв рүү чиглэсэн шилжих хөдөлгөөн жилээс жилд өсөж тэр хэмжээгээр нийслэл болон бусад хотуудын амьдрах орчны чанарт сөргөөр нөлөөлөн, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлсээр байна.

Тиймээс Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон НҮБ-ХАБИТАТ, ДЭМБ хамтран энэ сарын 12-ны өдөр “Туушин” зочид буудалд “Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил"  сэдвийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулахтай холбогдуулан хийхээр төлөвлөжээ.

ХББОСЯ-ны Хот байгуулалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат "20 минутын хот"-ын концепци, үзэл баримтлалаа гаргаж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахлан ажиллаж байна. Салбар яамнаас энэ ажил дээр хамтарч байна. Энэ талаарх мэдээллээ иргэдэд нээлттэй байдлаар хүргэхээр хот байгуулалт, дахин төлөвлөлтийн асуудлаар форумыг зохион байгуулах гэж байна.

Иргэд мэдээлэл авч чадахгүйгээс буруу зөрүү ойлголт үүсдэг. Ер нь дэлхий нийтэд цар тахлаас хойш "20 минутын хот" концепци хүчтэй гарч ирсэн үзэл баримтлал. Зарим улсад "15 минутын хот" хэрэгжүүлж байна.

Хамгийн гол нь хүн төвтэй байя. Иргэдийн оршин суугаа газарт нь төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой. Бид Сингапур улсын туршлага судлаад ирсэн. Нийт 200 мянган хүнтэй нэгжээс 20 мянган нэгж, тэндээсээ 2000-3000 хүнтэй байхаар төлөвлөж, таун дотор нь бүх асуудлыг шийдэж байх жишээтэй. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батална. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц бүхий хотуудыг хөгжүүлэх” зорилгын хүрээнд "20 минутын хот" стандартыг нэвтрүүлэх, хот төлөвлөлт, засаглалын шинэчлэлийг хийж, хот, суурин газрыг дахин төлөвлөн хөгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг нийслэл, аймаг орон нутагт хэрэгжүүлж, ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгож, нийтийн болон амины орон сууцыг барих, хот байгуулалт, барилга, газрын талаарх холбогдох хуулийн уялдааг сайжруулж, төлөвлөлтөд суурилсан хот байгуулалтын тогтолцоог бий болгон, хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газрын зөвшөөрлийг олгож, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгах зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авч байна” гэв.

Энэхүү хэлэлцүүлгээр орчин үеийн хотуудыг төлөвлөн хөгжүүлэхэд шаардлагатай тогтвортой, уян хатан, хүртээмжтэй, ээлтэй байдалд анхаарлаа хандуулж, Монгол Улсад нэвтрүүлэх олон улсын туршлага, үзэл баримтлал, зарчмын талаар мэдээлэл солилцоно.

Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж бодлого, арга хэмжээг танилцуулан хүргэх болон олон нийт, мэргэжлийн хүрээнээс салбарын үйл ажиллагаатай холбоотой гарах санал, зөвлөмжүүдийг авч тусгахаар зорьж байна.
Салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, орон нутгийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжилтнүүд, 21 аймаг, нийслэлийн Ерөнхий архитекторууд, хамтын ажиллагаатай олон улсын болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, судалгаа, төлөвлөлтийн хүрээлэн, хот төлөвлөгч, архитектор, инженер, олон нийтийн 200 гаруй төлөөлөгчид оролцоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.