Сэтгүүлч Р.Саруултөгс УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр хууль бус албан даалгавартай холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т хандав.
Сэтгүүлч Р.Саруултөгс:
-Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр 2023 онд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт олгогдоогүй албан тушаалыг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахыг хүсэж байна. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр ажлын хэсэг гаргах тогтоол гаргасан. Ингээд 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр 1/1 дугаартай сахилга бат, дэг журмыг чангатгах албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн. Энэхүү албан даалгавар нь маш өндөр мөнгөн дүнтэй, хоёр компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давж, Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” компанид илт давуу байдал олгосон.
Тодруулбал, Хууль зүйн сайд асан Б.Энхбаярын 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар нь УБЕГ-ын байцаагчийн хууль тогтоомжид нийцсэн бүртгэлийг Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” гэх компанид ашигтайгаар засварлах, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Hang Feilong, Zhang Dong нар Монгол Улсад ирснийг батлах баримтыг өөрчлөх тухай агуулгатай байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоолгоно. Энэ Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Б.Энхбаярын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж, хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг хүсэж байгаа гомдлоо өнөөдөр гаргаж байна.
ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг эрх мэдэл, албан тушаалаа ашигласан гэдэг асуудлыг хөндөж байгаа болохоос нэр дурдагдсан компаниудын зөв бурууг дэнслэх гээгүй гэдгийг нэмж хэлмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.