Эрчим хүчний реформын үндэсний хорооноос мэдээлэл хийлээ. Сүүлийн үед тус хороог татан буулгах хэрэгтэй, хэвлэл мэдэлэлд зориулж найман тэрбум төгрөг төсөвлөсөн байна гэх зэрэг мэдээлэл түгээд байгаа. Энэ талаар тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд:
-Монгол Улсын эдийн засагт өсөлт гаргая, эдийн засгийн реформ хийе хэмээн хамтарсан засгийн газар байгуулагдсан. Реформын суурь нь эрчим хүч. Засгийн газар ирэх жил 6-7 мега төслийг санхүүжүүлнэ. Үүнд 600МГВт эрчим хүч хэрэгтэй. Эрчим хүчгүй мега төсөл явахгүй. Эрчим хүчгүй улс хөгждөггүй.
Нэгэн баяртай мэдээ дуулгахад, Арабын орнуудад хийсэн Ерөнхий сайдын айчлал амжилттай болсон. Томоохон хэмжээний ногоон эрчим хүчний хөрөнгө оруулалт татаж чадсан. Саудын Арабын топ-10 тоглогчийн нэг "Aqua power" компанитай хамтран ажиллана. Шанхайн экспогийн үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС төсөл явахаар болсон.
Эрчим хүчний реформын үндэсний хорооноос олон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Төрийн банкийг ногоон банк болгоно. Ногоон эрчим хүчний зээлүүд олгодог болно. 300 мянган айл өрхийг тоолууржуулна. 150 мянган айлыг яндангүй болгож, орон сууцанд оруулна. Айл өрх бүр нарны панел, салхин сэнс тавих боломжийг нээнэ. Дулаалгатай гэрүүдийг бий болгоно. Орчин үеийн орон сууцууд нар, салхины эх үүсвэрээр өөрөө өөрийнхөө эрчим хүчийг хангах боломжтой болгоно. 34 жил хийгдээгүй суурь асуудлыг бид 3-5 жилийн дотор хийнэ гэж тооцож ажиллаж байна. Ирэх дөрвөн жилийн дотор ямар ч байсан эрчим хүчээ 100 хувь хангадаг болно.
600МГВт-ийн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 100МГВт нь сая ашиглалтад орсон. Туршилтын нэг сарын хугацаа дуусахаар төвийн эрчим хүчний системд холбогдоно.
Гадаад хөрөнгө оруулалтыг татах, иргэдэд хэвлэл мэдээллээр дамжуулан үнэн, бодитой мэдээлэл хүргэх чухал байна. Зөрүүтэй, буруу ташаа мэдээлэлтэй байгаагаас хорооны ажилд саад бэрхшээл тулгарч байна. Иймд бид үүнд зориулж 500 сая төгрөг төсөвлөсөн. Зарим нэг хүний яриад байгаа шиг найман тэрбум төгрөг төсөвлөөгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.