Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтнуудаас хахууль авч тусгай зөвшөөрөл олгодог Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан тушаалтанд холбогдох хэргийг АТГ-т шалгаж дуусжээ. Тэгвэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтанд ч хахууль өгч, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулсан мэтээр сертификат олгосон тохиолдол ч гарч.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 53.2-т “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэж заасан. Энэ заалтыг үндэслэн төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн албаны ажилтнуудад хууль бусаар сертификат олгосон тохиолдол хавтгайрсан байв. Уг нь Төрийн худалдан худалдан авах ажиллагааны газар (ТХААГ)-аас худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг зохих сургалтын байгууллагаар хийлгэж, сертификат олгодог юм байна. Гэтэл үүнийг далимдуулан хээл хахууль авах хэрэгсэл болгож байсныг шүүхээр тогтоолоо.
Тодруулбал, “Хүний хөгжил судалгаа, сургалтын төв” НҮТББ, түүний эрх бүхий албан тушаалтан Ю.Энхжаргал нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Уг төрийн бус байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан нь ТХААГ-ын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэнд хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм. Шүүхээс Ю.Энхжаргалыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, таван сая, “Хүний хөгжил судалгаа, сургалтын төв” НҮТББ-ын сургалт, семинар явуулах эрхийг хасаж, 120 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.