Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөр өнөөдөр (2024.12.07) Төрийн ордонд эхэллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг нийгмийн олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, санал бодлыг нь тусгах чиг үүрэг бүхий ажлын хэсгээс санаачлан Хүний эрхийн Үндэсний Комисс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтад их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж байна.
Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлсэн үгэндээ, 2024-2028 оны парламент иргэн бүр эрхээ хамгийн сайнаар эдлэх боломжийг бүрдүүлэхийн тулд бодлого, стратегийн цөмийг “хүн төв”-тэй байхаар тодорхойлсон, үүнд иргэдийн оролцоо ихээхэн чухал гэдгийг онцлов. Түүнчлэн хүн бүр хүний эрхийн мэдрэмжтэй хандлагыг түгээж, оюутан, залуус оролцоогоороо нийгмийг давалгаалж чадвал бүх шатны шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжтой хэмээн дурдлаа.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улс үндэсний хууль тогтоомж болон нэгдэн орсон олон улсын гэрээгээр иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулсан гэдгийг тодотгосон юм. Хүн төрөлхтөн дэлхийн хоёрдугаар дайны дараа 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталснаар жил бүрийн энэ өдрийг “Олон улсын хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж иржээ.
Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, ХЭҮК болон Монгол Улсын Дээд шүүхийн хуульч, судлаачид хамтран боловсруулсан гэдгийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь танилцуулав. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд хоёр өдрийн багц хичээлүүдээр дамжуулан онол, арга зүй, танин мэдэхүйн мэдлэг эзэмшихийн зэрэгцээ “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийн төсөлд саналаа өгч, мөн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцана. Сургалт үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
төр хүний төлөө байдгийн, парламент чинь төлөөллөөрөө төрөө буюу нийтээр эв түнжинтэй амьдрах гэсэн бүтцийн нэг ш дээ. Юуны төлөө байдаг гэж боддын бол? дарга нарын төлөө юм байх даа