УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БНСВУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-ыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар талууд манай хоёр улсын тэр дундаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд санал солилцжээ. Сүүлийн жилүүдэд манай хоёр орон улс төрийн яриа хэлэлцээгээ идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээгээ аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлж байгаа юм.
Энэ хүрээнд батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд БНСВУ-аас цагаан будаа импортолж, эргүүлээд малын махаа экспортод гаргах зэрэг хамтын ажиллагааны түншлэлийг шинэ шатанд гаргахаар ярилцжээ.
Ташрамд дурдахад, Энэ 2024 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тохиож байна. Мөн Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм.
Түүнчлэн 2023 оны 12 дугаар сараас Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайдын яаманд Батлан хамгаалахын атташе томилон ажиллуулах болсноор хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх таатай боломж бүрдээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.