СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-06

🔴 Ч.Лодойсамбуу: Хүнсний салбараа хүний гарт "өгөх" хэлэлцээрийг Засгийн газар боловсруулж байгаа юм уу?

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 долоо хоногийн өмнө

Монгол Улс ОХУ, Казахстан, Беларусь зэрэг гишүүнчлэлтэй орнуудын нэгдсэн Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх гэж буй аж. Энэ тухай хэлэлцээрийг арванхоёрдугаар сард багтаж байгуулахаар Засгийн газар ажиллаж байна.

300 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх уг хэлэлцээрийн цаана ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрэх аюул нуугдаж байна. Тодруулбал, бүх мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, гурил, хүнсний ногоо, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг манай улс дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа ч гаднаас ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг импорт ба онцгой татваргүй, ямар нэгэн квот зохицуулалтгүй Монгол Улс руу нийлүүлэх аж.

Энэ тухай мэдээллийг УИХ-ын гишүүдэд хүргүүлээгүй байгаа ч хэлэлцээрийн ард ямар үр дагавар хүлээгдэж буйд санаа зовниж буйгаа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу чуулганы хуралдаан дээр илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-Хэдэн жилийн өмнө дотооддоо цементээ үйлдвэрлэхгүй бол болохгүй нь. Урд хөршөөс худалдан авч үнийн дарамтад орсон байна гээд төрийн бодлогоор цементийн үйлдвэр босгосон ч гаднаас орж ирж буй цементийг гаалийн татвараас хөнгөлсөн. Цемент үйлдвэрлэгчид үндсэндээ сөхөрсөн. Дараа нь гурилын үнийг чөлөөлсөн. Гурилын үйлдвэрүүд, тариаланчид өнөөдөр сөхрөхөд тун ойрхон байна. Одоо хүнсний үйлдвэрлэгчид рүү орж байгаа юм байна. Монгол Улс үеийн үед хоёр нүүр гаргаж, чөлөөт ардчиллын нэрээр бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэчихээд татан унагадаг боллоо. Үнэхээр манай улс энэ Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх гэж байгаа юм уу? Энэ сарын сүүлээр хэлэлцээрийг батална гэж байгаа юм байна. Гишүүдэд мэдээлэл өгөхгүй юм уу? гэв. 

Мах, махан, сүү, сүүн, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байхад импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны алдагдлыг ч улам ихэсгэх гэж байна хэмээн дотоодын үйлдвэрлэгчид эсэргүүцэж, эгдүүцлээ илэрхийлээд эхэлжээ. Нэмээд уг хэлэлцээр нь Монгол Улсын төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, хүнсний импортыг хаахаар хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй огт нийцэхгүй байгаа билээ.

300 сая хүнтэй зах зээл рүү гарах гээд гурван сая хүнтэй, арай гэж өндийж байгаа хүнсний салбарын бизнес эрхлэгчдээ "татаж унагах" нь арай үнэтэй биш үү? Дараа нь эрчим хүч, бензин шатахуунтай ижил хүнс нийлүүлэхдээ бидний ходоодыг тэр чигээр нь базаж хоолоо айлаас гуйдаг болчих вий дээ гэх байр суурийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мөн илэрхийллээ. 

Евразийн эдийн засгийн холбооны таван оронтой 2023 онд хийсэн гадаад худалдааны статистикийг харвал худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан гэх дүн бий. Тодруулбал, 143 сая ам.долларын бараа нийлүүлж, 2.5 тэрбумын бүтээгдэхүүн импортолсон байна.
Хэрэв дээрх хэлэлцээрийг байгуулбал худалдааны тэнцэл улам нэмэгдэх боломжтой. 

УИХ-ын гишүүд монгол төрийн бодлогыг тогтвортойгоор үргэлжлүүлж, ард түмнээс сонгогдсон стратегийн гэх тодотголтой хүнс, хөдөө аж ахуйн салбараа хамгаалж, гаднаас татваргүйгээр бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх эл хэлэлцээрийг байгуулахыг эсэргүүцэж, хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах шаардлагатай байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.