УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-2025 оны төсвийн төслийг хүлээж авлаа. Шинэ сургууль цэцэрлэг байхгүй юм байна гэж би харсан. Энэ бодлого хэдэн он хүртэл үргэлжлэх вэ? Манай Хан-Уул дүүрэг таван жилийн өмнө 187 мянган хүн амтай байсан бол одоо 300 мянга болжээ. Хүүхдийн тоо байнга өсөж байна. Нэг ангид 60 хүүхэдтэй анги нэмэгдсээр байна. Энэ хүүхдүүдийн сурах сургууль, цэцэрлэгийг хаанаас санхүүжүүлж барих вэ?
Мөн хөрөнгө оруулалтыг олон жилээр тасалж тавих юм. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийг барихад зориулж ирэх жил 3 тэрбум төгрөг тавьсан байна лээ. Цаана нь дахиад 7 тэрбум төгрөг шаардагдана гэж байна. Үүнийг хэдэн он хүртэл хувааж тавих юм бэ? Олон жил хувааж тавиад байхаар барьж буй барилгын компанидаа хүртэл хэцүү биз дээ. Хөрөнгө оруулалтын бодлогыг арай өөрчлөх бодол байна уу?
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Хөрөнгө оруулалтыг он дамнуулдаг асуудал үнэн. Ковидын үеэр ч гэсэн гаараад явчихсан асуудал. Санхүүжилтын хуулиар төсвийг гурав хувааж олгодог. Тэгэхээр 3 жилээс хэтэрч болохгүй гэсэн үг. Өмнөх жилүүдээс он дамнасан төслүүдээ дуусга гэсэн байдлаар төсвийн хуваарилалтыг хийж байна. Таны санаачилсан орон сууцны хотхон барьж байгаа тохиолдолд заавал сургууль цэцэрлэгийг нь хамтад нь шийддэг хуулийн төслийг Боловсролын яамны зүгээс бүрэн дэмжиж байгаа. Туйлын чухал санал гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.