УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Улсын бүртгэлээс намын нэр авсан 253 нам бий, үүнээс 37 нь Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй. МАН, МАХН гэж хоёр салж байх үед Н.Энхбаярт МАХН гэдэг нэрийг өгүүлэхгүйн тулд ийм товчлолттой бүх нэрийг авсан. Тиймээс 253 намын нэртэй болсон. Улс төрийн намын тухай хуулийг манай намын бүлэг дэмжээгүй. Би ч дэмжээгүй байр суурь илэрхийлж байна. Бид өнгөрсөн таван сарын хугацаанд таван удаа төсөл, яаралтай гурван хууль хэлэлцлээ. Одоо Улстөрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна.
Үнэнийг хэлэхэд манай МАН хүний гараар могой бариулахдаа сайн. Өмнө нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ХҮН-ын Т.Доржхандаар хоёр удаа мэдээлэл өгүүлээд өөрчлөлт оруулчихсан. Одоо дахиад ХҮН-ын Б.Уянгахишиг гишүүнийг бүртэлзүүлээд хариулт өгүүлээд суулгаж байна. Цаасан дээр харагдах байдлаараа МАН оролцоогүй юм шиг хэр нь цаанаа захиалагч нь болчихсон байдаг.
Сонгуулиар бүх л нам сайн сайхан зүйлс амалсан. Үндсэн хуульд хоёр удаа өөрчлөлт оруулсан. Эхнийхээр нь давхар дээлийг тайлсан, энэ нь МАН-д ашигтай байсан. Дараа нь Ерөнхийлөгчийг дахин сонгуулахгүй байх заалт орсон, энэ дахиад л МАН-д ашигтай байсан.
Улс төрийн нам хугацаатай, заасан хугацаандаа хуралдаад явдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аль нэг улс төрийн нам энэ төрлийн хуулийг гаргах нь буруу гэж үзээд ерөнхийлөгч санаачилсан юм билээ. Ингэхээр зөвшилцөл явагдсан гэсэн үг.
3.5 сая хүнтэй манай улсад ийм их нам байх шаардлага байна уу? Одоо долоон нам бүртгүүлэх гээд хүсэлтээ өгчихсөн байна.
2024 оны сонгуульд манай нам дөрвөн хувиар л ялагдсан. Засагт орсон манай найман сайдаар Ардчилсан намын ирээдүй бүрхэг битгий болоосой гэж хүсэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Ө.Шижир гишүүн байр сууриа хэлэлгүй яах вэ. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөс дуртайгаа яриад дургүйгээ ярихгүй байж болохгүй. Хэд хэдэн удаагийн өөрчлөлт орсон. 126 гишүүн сонгогддог болсон. Үр дүнд нь та өнөөдөр жагсаалтаар гишүүн болчхоод ирж ирээд сууж байна. Бүх юм муу биш. Цаг үеэ дагаад өөрчлөгдөөд, шинэчлэгдээд л явж байна. Улс төрийн намын тухай хууль хэрэгжихгүй байгаа зүйл огт биш. 18 жилийн дараа өргөн баригдаад хэлэлцэгдээд батлагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй.
Заавал нэг нам руу чиглүүлж ярих хэрэггүй. Тэгэхээр туйлширч, өөр дээрээ хүлээн авч зөвхөн намын дотоод зохион байгуулалтын асуудал мэт ярьж болохгүй. Аль нэг намын зовлонгоо улсын зовлон мэтээр яриад явж болохгүй. Бид ардчиллыг бэхжүүлэх чиглэлд анхаарлаа хандуулаад л явна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.