УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Бид алдагдалгүй төсөв гэж орилж байгаад оруулаад ирлээ. Боломжтой байгаа дээрээ төсвөө тэлэх хэрэгтэй. Улсын хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл хоёр чинь уялдах уу? Та нар ийм хөрөнгө оруулалтгүй алдагдалгүй төсвөөр хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадах уу? Орлого чинь хүрэх юм уу? Н.Учрал сайд сүүлийн үед төрийн өмчийн компаниуд гээд яриад байгаа. Өөрчлөлт хийж чадах юм уу. Хэзээ дуусгаж оруулж ирэх юм бэ?
Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:
-Төсвөө нэг бол тэл гээд нэг бол тана гээд байх юм. Таны санал яг аль нь юм? Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг парламент баталсан. Хэдүүлээ цэцэн мэргэнээ шалгадаг газар парламент. Энэ бол бодлогын уралдаан. Парламентын баталсан хөтөлбөрийг бид ажил хэрэг болгох ёстой. Бид 8 хувийн өсөлтийг хийнэ. Яагаад ийм итгэлтэй байгаа вэ гэхээр импорт маш их идэвхэжсэн. Парламент ч энэ өсөлтийг дэмжиж ажилламаар байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Төсвийн хуулийг дагалдуулаад төрийн болоод орон нутгийн өмчит компаниудад өөрчлөлт оруулж байгаа. Хамгийн сүүлд Төрийн өмчит хороонд ирүүлсэн тайлангаар 99 компани охин компаниудтайгаа нийлээд 123 компани бий. Үүнээс 43 компани алдагдалтай ажиллаж байна гэж гарсан. Гурван жил алдагдалтай ажиллаж байгаа 21 компани байгаа. Төсөв дагуулж байгаа Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хуулиар гурван жил дараалж санхүүгийн алдагдал гаргасан бол өөрчлөх, татан буулгах хууль зүйн үндэслэлийг бий болгож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.