УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа:
-Төсвийг танасан нь сайн. Гэвч зарим хуулиа хүчингүй болгож төсвөө танасанд эмзэглэж байна. Монголчууд хүүхдэд яаж хандлагыг төсөв танасан хэсгээс маш ойлгомжтой харж болохоор байна. Ахмадуудаас, ээжүүдээс хассан бол жагсаал, цуглаан болох байсан. Хүүхэд хэзээ ч эрхийнхээ төлөө дуугарч, тэмцэж чадахгүй учраас энэ байдлыг нь далимдуулж тэдний төсвийг хасжээ. Соёлын сайдын ваучер бол маш том судалгаа, эмгэнэлтэй үзүүлэлтэд суурилсан хөтөлбөр байсан ч хэн нэг хүн буруу сэвснээс болж бүрэн хасагдсанд эмзэглэж байна.
Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:
-Бид гол нь эдийн засгаа босгох хэрэгтэй байна. Манайх гэдэг айл баян болж байж хүмүүсийн орлого сайжирна. Би Монгол Улс ядуу байна гээд хэлэхээр намайг муу үг хэллээ гээд хараагаад байна. Бид үнэнээ хэлэх хэрэгтэй. Ядуу бол ядуугаа мэддэг байя. Тиймээс бид эдийн засгаа босгох чухал байна. Улсын эдийн засаг бодоод ирвэл хүмүүсийн цалин, тэтгэвэр тэтгэмж аяндаа нэмэгдэнэ.
Ойрын үед хэрэгжих томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр Монголын эдийн засаг тогтвортой, айдас хүйдэсгүй болж баталгаатай орлого нь хүний амьдралд хүрдэг боллоо гэж зарлах өдрүүд ирнэ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Төсвийн хүрээний мэдэгдэлд зарлагаа багасгаж орж ирж байна. Цэвэрлэх байгууламж, нефтийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2028 онд ашиглалтад орох уу? Гадаадын зээл тусламжийг ашиглах асуудал 660 тэрбум төгрөгөөр танагдаж орж ирэх гэж байна. Нефтийн үйлдвэр барьж чадахгүй бол нэг тэрбум ам.доллар алдахаар байгаа шүү дээ.
Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:
-Нефтийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц асуудлаар парламент өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй юм билээ. Парламент хоёр өнгөөр ярьдгаа болих хэрэгтэй. Нэг болохоор хас гэнэ. Нэг болохоор нэм гэдэг. Мега төслүүдээ заавал хэрэгжүүлнэ. Төр хувийн хэвшлийн түншлэл, өөрсдийн дотоод нөөц бололцоогоор үүнийгээ заавал хийнэ. Гол нь уул уурхайн салбартаа хэрхэн ажиллах вэ гэдгээ тодорхой болох хэрэгтэй. Хил холболтоо хурдан хийе гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.