Улс төрийн намын тухай хуулийн өөр холбоотой асуудлаар АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороо, Ардчилсан ахмадын холбооноос мэдээлэл хийлээ.
АН-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Улс төрийн намууд төлөвшсөн юм уу, үгүй юм уу гэдэг асуудал хурцаар тавигдах шинжтэй байна. Шинээр баталсан Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд эхэлчихсэн. Тодорхой хугацаа өнгөрсөн. Улс төрийн намууд хуулийг хэрэгжүүлээд эхэлчихсэн байх ёстой юм. Гэтэл хуулийн өөрчлөлтөөр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан хууль дээдлэх ёсыг баримтлахгүй байна.
Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийг хэрэгжих хугацааг сунгах асуудлыг АН санаачилсан мэт мэдээлэл цацагдсан. Гэтэл тийм биш байна. АН-ын гишүүд Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх хугацааг сунгахыг эсэргүүцэж байгаа. Судалгаа явуулахад олонх нь дэмжээгүй.
Хэрэв 126 гишүүн Үндсэн хуулиа баримтлахгүй, хууль дээдлэхгүй, ардчиллын зарчмаа баримтлахгүй бол хатуу эсэргүүцэх болно.
АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр:
-Аливаа компани аж ахуй нэгж, байгууллага татвар, тайлангаа өгөхгүй байя, хойшлуулъя гэдэггүй биз дээ. Түүнтэй адилхан байхгүй юу. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж болохгүй. АН-ын гишүүд Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх хугацааг сунгахыг эсэргүүцэж байгаа.
Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг оруулж ирж байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хууль зөрчиж байна. УИХ-ын гишүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороо, Ардчилсан ахмадын холбоо, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн зүгээс уриалж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.