УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны болоод эцсийн хэлэлцүүлгийг хийж Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталсан билээ. Чуулганы хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:
-УИХ 34 жилийн хугацаанд анх удаа ийм байдалд орчихлоо. Яагаад ийм байдалд оров, яагаад төсөв хугацаандаа батлагдахгүй, дахин хэлэлцэхээр болов гэдэг дээр Засгийн газар, УИХ хаа хаанаа анхаарах ёстой. Нэг удаа асуудал үүслээ гээд өнгөрөх биш цаашид гарах үр дагаварыг бас бодох ёстой. Гэхдээ бас ийм байдалд орохгүйгээр шийдвэрлэх гарц байсан л гэж харж байна.
Төсвийг бид 34 удаа баталсан. УИХ хугацаанд баталдаг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьдаг байсан. Тухайн үед зарим тохиолдолд хоригийг хүлээж авдаг, заримдаа авдаггүй байсан. Авсан тохиолдолд холбогдох байнгын хороод нэмэлт, өөрчлөлт оруулаад явдаг байсан. Төсөв дээр хэсэгчилж 10 гаруй, бүхэлд нь 6 удаа хориг тавьж байсан юм билээ.
Төсвийн хуулийн хууль тогтоох процесс явагдаж байсан. Ерөнхийлөгчийн хориг тавигдаад хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байхад бид хуулиа хүчингүй болгосон. Уг нь ингэхгүйгээр хоригийг хүлээж аваад Төсвийн байнгын хороо хэлэлцээд Засгийн газраас саналыг нь аваад үргэлжлүүлэн хэлэлцээд явчихсан бол илүү хялбар замаар, өмнө нь явж байсан замаар шийдэх боломжтой байсан. Сая н.Заяабал гишүүний хэлдэг үнэн. Цаашид анхаарч, асуудалд нухацтай ханддаг болоё. Тэгэхгүй бол ийм алдаанууд дахин дахин гарсаар байж магадгүй.
Хоёрдугаарт, үүнээс болоод аймаг, нийслэл, сум дүүрэг төсвөө хэлэлцэн батлах нь. Дахиад л тэнд асуудал үүсч байна. Ондоо багтах уу, үгүй юу гээд. Зарим нь мэдэхгүй байгаа учраас өнөөдөр төсвөө хэлэлцээд явж байна. Зарим нь асууж байна. Тиймээс 2025 оны төсөв баталсны дараа аймаг, орон нутгийг төсвөө хэлэлцэх чиглэл өгмөөр байна. Дээрээ хөлөө олохгүй бол доороо суудлаа олохгүй гэж УИХ, Засгийн газар хэлэлцэж байгаа асуудалдаа нэлээд нухацтай, хариуцлагатай, үр дагаврыг нь тооцож, ханддаг байхгүй бол хөнгөн хуймгай хандснаас үүдэн УИХ анх удаа эвгүй байдалд орж байна. Дахиад Засгийн газар төсөв өргөн барьж хэлэлцэх асуудал гарч байна шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.