Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны Суртал, ухуулгын яамны дэд сайд Мө Гао-И, Элчин сайд Шэнь Минжуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтаар авто зам болон төмөр замаар таатай зорчих боломжийг нэмэгдүүлж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Энэ хүрээнд Монгол, Хятад, Орос гурван улсын хамтарсан аялал жуулчлалын “Цайны зам” маршрутыг батлан, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх асуудалд анхаарал хандуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Харбины спортын цогцолбороос туршлага судалж, ижил төстэй төслүүдэд хамтран ажиллах боломжийг судлахаар санал нэгдсэн байна.
Цаашлаад БНХАУ-ын “Wechat”, “Youku” зэрэг олон нийтийн сүлжээнд Монгол уран бүтээлчдийн оюуны бүтээлийн оюуны өмчийг харилцан хамгаалах асуудлыг хөндөж, ӨМӨЗО-ы Хөх хотод монгол уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулах талаар ярилцжээ.
Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Үндэсний урлагийн их театр” болон “Президент” спорт цогцолборын төсөл эрчимтэй үргэлжилж буйг онцлоод хоёр орны соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт цаашид хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.