УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Хавдрын эмнэлэг-2“ төсөл дээр 2025 оны улсын төсөвт мөнгө тавиулахаар нэр бүхий гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-"Хавдрын эмнэлэг-2" төсөл дээр 2025 оны улсын төсөвт мөнгө тавиулахаар нэр бүхий 12 гишүүн нэгдсэн боловч одоогоор нэмэгдэж 24 гишүүн гарын үсэг зураад байна. 2024 онд “Хавдар-2” төслийн эмнэлгийн зураг төслийн тендер зарласан ч компаниуд оролцохгүй байснаар эцсийн бүлэгт “Бодь пропертийз” ХХК шалгарсан. Хавдрын эмнэлгийн зураг хийнэ гэдэг амаргүй, жирийн нэг барилгын зураг биш. Манай улсад туршлагатай компани бараг байдаггүй. Байсан ч тендерийн үнийн дүнг нь голоод оролцдоггүй.
Харин бид 2025 оны улсын төсөвт мөнгө тавихгүй өнжихөд 4500 гаруй иргэнийхээ амь насыг гаргуунд гаргаад зүгээр сууна гэсэн үг. Хамтдаа ард түмнийхээ төлөө хүмүүнлэг шийдвэр гаргахыг уриалж дэмжиж байгаа гишүүдээр гарын үсэг зуруулж байгаа юм.
Бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт хаяглаж байгаа билээ. Энэ бол төсөв нэмж байгаа юм биш. Тэвчиж болох зардлаас танаад хэрэгцээтэй салбарт нь зориулахыг л шаардаж байгаа юм. УИХ-ын гишүүд маань их л дэмжиж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.